Жанрайсэг бурхны мэлмий рашаан буюу нулимс газар дусаж, тэндээс нь лянхуа цэцэг дэлгэрч Цагаан, Ногоон дарь эх мэндэлсэн хэмээх домог бий. Өнөөдөр /2019.02.13/ хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр тохиож буй энэ өдөр Богд хааны ордон музейд Цагаан дарь эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх зан үйл болон тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Цагаан дарь эх бурхны шүтээн зургийн үзэсгэлэнг олонд дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт торгон дээр шороон будгаар урласан Цагаан дарь эх бурхны зураг өлгөөтэй. Уг ховор нандин бүтээлийг алдарт марзан Шарав бодит хүний царайтайгаар урласан нь үнэхээр гайхамшигтай.
Тэртээ ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дарь эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж.
Нэг өдөрт Цагаан дарь эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дарь эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. Бурхан шашны энэ түүхэн уламжлалыг Богд хааны ордон музейгээс 2013 онд дахин сэргээж, долоо дахь жилтэйгээ золгож байгаа аж.
Үзэсгэлэнгий талаар тус музейн менежер Ц.Гүнчин-Иш тайлбарлахдаа “Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр тохиож буй. Энэ жил Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа учраас хувийн цуглуулга дахь ховор үзмэрээс гадна нэг өдөрт багтаан Цагаан дарь эх бүтээх зан үйлийг олноо сонирхуулж байна. Мөн одоогоос 90 гаруй жилийн өмнө бүтээсэн Цагаан дарь эх бурхны ховор танка, зээгт наамал бүтээлүүдийг олонд дэлгэн харуулсан” гэв.
Энэ үеэр цугласан олонд зориулан Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буманханд” холбооны тэргүүн Ч.Гүнзэ Цагаан дарь эх бурхны тарнийг аялгуулан уншсан юм. Тэрбээр “Цагаан дарь эхийн олон зан үйл байдаг. Тэр дундаа нэг өдрийн Цагаан дарь эхийг бүтээж байгаа нь насны хутгыг эрхшээсэн гэж үздэг. Насыг уртасгагч, аюулаас хамгаалах зан үйлдээ ордог юм. Ер нь бурхадыг зурахад маш их хугацаа шаарддаг. Харин гэнэт нас охордох ч юм уу цаг тулсан үед нэг өдөрт багтаан Цагаан дарь эх бүтээснээр нас нь уртасна гэж үздэг томоохон зан үйл. Бурхны шашинд дарь эхийг эмэгтэй хүнээр дүрсэлж, ээж хүн болгон хүүхдээ аюулаас хамгаалдаг шиг Цагаан дарь эх бурхан хамаг амьтныг авран хамгаалж байдаг” хэмээн тайлбарлалаа.
Цагаан дарь эх бурхныг бүтээхээр долоон бурхан урлаач цуглажээ. Тэд өглөөний нар мандахтай зэрэгцэн бурхны зургийг дүүргэж эхэлсэн байна. Тэдний нэг бурхан урлаач Б.Чинзориг “Би өглөө нар мандахад 08.00 цагт Цагаан дарь эх бурхнаа эхэлсэн. Одоо бурханаа дүүргэж л байна. Цагаан дарь эхийг бүтээхэд цагаан цайвар өнгө ихээр ноёлдог. Цагаан дарь эхийг хамаг амьтны эх хэмээн үздэг учиртай. Тиймээс ч ариун, гэгээн өнгийг сонгон үзүүр тохой хэмжээтэйгээр урладаг” гэв.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ