Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж эх орондоо түр хугацаагаар ирээд байна. Тэрбээр Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” Төрийн бус байгууллагатай хамтран эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэжээ. Тодруулбал, Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэгт зориулалтын машин өгсөн бол Нэгдүгээр төрөх эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, “Өргөө” амаржих газарт тэргэнцэр бэлэглэсэн байна.
2018 оны намар зодог тайлсан их аварга Харүмафүжи Д.Бямбадорж эмнэлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон ажил хийсээр байгаа билээ. Тэрбээр орон нутагт нийтдээ 18 түргэн тусламжийн машин бэлэглэж, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсээр байна.
Харүмафүжи Д.Бямбадоржийн хамтран ажилладаг Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ Монголд 2001 оноос 21 аймагт ажиллахдаа 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс засал үнэ төлбөргүй хийж амь насыг нь аварчээ.
Мөн түүний нэрэмжит “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургууль 2018-2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Холбоотой мэдээ