АНУ-ын өрийн хэмжээ түүхэндээ анх удаа 22 их наяд ам.доллар давсан нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц ноцтой үзүүлэлт болох тухай тус улсын Сангийн яамнаас өчигдөр /2019.02.12/ мэдээлжээ.
АНУ-ын өрийн хэмжээ өчигдрийн байдлаар 22.012 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад 30 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Үндэсний өрийн хэмжээ ийн өсөх болсон нь жилийн өмнө Ерөнхийлөгч Д.Трампын баталсан татварыг хөнгөлөх 1.5 их наяд ам.долларын өртөгтэй хуулийн өөрчлөлт, мөн төрийн байгууллагуудын болон батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.
Түүнчлэн 2018 оны санхүүгийн жилд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрсэн бол 2020 он гэхэд энэ үзүүлэлт гурван их наяд ам.доллароос давах төлөвтэй байгаа юм. Засгийн газрын зардлыг хянаагүйн улмаас төсвийн алдагдал өсч байгаагийн дээр он дамнан үргэлжилсэн 35 хоногийн “шатдаун” буюу Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт нь төсөвт 11 тэрбумын дарамт учруулсан байна.
АНУ-ын Конгрессын төсвийн хорооны тооцоолсноор улсын өрийн хэмжээ нь тус улсын ДНБ-ийн 80 орчим хувийг эзэлж байгаа аж. Дашрамд дурдахад, Д.Трамп 2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улсын өрийг найман жилийн дотор барагдуулна хэмээн амлаж байв.
Эх сурвалж: USA Today
Холбоотой мэдээ