“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж өнөөдөр /2019.02.13/ мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр мэдээллийн эхэнд төрийн гурван өндөрлөгт албан шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв.
УИХын 13 ГИШҮҮН ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОДЛОГЫГ ДЭМЖИЖ, НУУЦЫН БАТАЛГААНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН
Тэрбээр хэлэхдээ “Оюутолгойн ордыг өмчлөгч нь Монголын ард түмэн. Гэтэл өмчлөгчөөс нь огт асуухгүйгээр дэрх ордыг барьцаанд тавиад, олон улсын зах зээлээс зургаан тэрбум ам.долларын зээлийн эрх үүсгэсэн нь байж боломгүй асуудал. Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг ард түмний талд өмчлүүлж, тухайн ордыг ашиглаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл үүссэн их өрийг тэглэх шийдвэр гаргах, уулзалт зохион байгуулахыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагадаа дурдсан байгаа.
Ард түмний нэрийн өмнөөс тангараг өргөж УИХ-д сонгогдсон нэр бүхий 13 гишүүн болох Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд М.Оюунчимэг, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар өнөөг хүртэл Оюутолгойн луйврын гэрээг цааш үргэлжлүүлэх бодлогыг дэмжиж, нууцын баталгаанд гарын үсэг зурсан.
Тэрийгээ нуухын тулд өөрсдийн санал дүгнэлтээ гаргаж өгөхгүй цаг хожиж байна. Үүнээс улбаалан Монгол Улсын гадаад өр улам нэмэгдэж, ард түмний амьдрал улам бүр доройтсоор байна. Бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гишүүдэд харамсаж байна. УИХ зөвхөн даргаа солиод, дотор нь байгаа ангиллаараа өөрсдөө үлдэн, Монголын төрийг гутааж байна. Оюутолгойн ордыг ашиглах лизингийг 100 хувь өмнөд Африкийн банкинд 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн гэрээ бий. Үндсэн гэрээг гаргаж ирэхгүй албан бус орчуулга бүхий гэрээг ил болгосон нь асуудлыг нуун дарагдуулж байгааг илтгэж байна. Жил бүр таван сая ам.долларыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа гэрээ нэрийн дор өгдөг. Гэхдээ энэ их мөнгө юунд зарцуулагддаг эсэх нь нууц байдаг. Тэрийг ил болгох шаардлагатай" гэлээ.
УИХ-ын 13 ГИШҮҮН ХУЛГАЙ ХИЙГЭЭД СУУЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ АЙМШИГ
Улсаа аврах ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд жижиг дунд үйлдвэрийг /ЖДҮ/ хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн шалгалтын явцыг олон нийтэд яаралтай ил тод мэдээлэн, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулж ирээч хэмээн хүсч байгаа талаар албан бичиг хүргүүлж байна. М.Энхболд огцрохынхоо өмнө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хамгаалж үлдсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хулгай хийсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг дахин түдгэлзүүлэх хэрэгтэй. Талбай дээр болсон тэмцлээс хэн хожсон бэ гэхээр тодорхой хүмүүс албан тушаалд очсон. Албан тушаал авахгүй гэсэн хүмүүс албан тушаалд очсон байна. Эцсийн дүндээ ард түмэн өр зээлтэйгээ үлдсэн. Ард түмний итгэл найдвар дээр дөрөөлөн улс төр хийж, албан тушаалд хүрч байгаад харамсч байна. Үнэхээр бодит тэмцэл байсан бол хамтарч тэмцье.
Эцэст нь хэлэхэд УИХ эрх зүйн чадамжгүй гэдгээ олон зүйлээр нотолж байгаа. Монгол Улсад ямар ч ирээдүй харагдахгүй байхад УИХ өөрсдийнхөө хулгай хийсэн асуудлыг хэлэлцэж, 2020 оны сонгуулиас өмнө үйлдсэн гэмт хэргүүдээ яаж сэгсэрч нэг рүүгээ чихэх тухай хуулийн төслийг хүртэл оруулж ирж, бие биеэ хамгаалж байна.
Энэ буруу тогтолцооны хохирогч нь болж байгаа гурван сая иргэн өнөөдөр ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэх юм бол ял шийтгэлээ эдэлдэг. Гэтэл дарга нар "Ганц худаг"-т орохоороо ганц хоёр сар хоригдоод өвчин нь сэдрээд гараад ирдэг. Ингэж Монголын хуулиар тоглож болохгүй.
УИХ-ын 13 гишүүн хулгай хийгээд сууж байна гэдэг бол аймшиг. Өнөөдөр Монголын хэдэн мянган иргэнд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 500 мянган төгрөгийн ч зээл олдохгүй байна. Гэтэл гишүүд тэрбум тэрбумаар нь ах дүү, хамаатандаа зээл авч өгсөн нь санхүүгийн том гэмт хэрэг.
УИХ ээлжит бус чуулганаа зарлаад тарахыг уриалж байна. 19 гишүүн бүрэн эрхээсээ татгалзвал УИХ тарна.Үнэхээр 76 гишүүн дунд эх орноо боддог 19 гишүүн байвал бүрэн эрхээсээ татгалзчих” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ