Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна

Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн ахмад М.Мөнхшүртэй хар тамхины асуудлаар цөөн хором ярилцлаа.


-Цагдаагийн байгууллага, Гаалийн байгууллагатай хамтран их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг өчигдөр /02.12/ илрүүлж, шуурхай баривчилсан талаар яриагаа эхлүүлье?

-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтраад өчигдөр /02.13/ 17.00 цагийн орчимд их хэмжээний хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэн явсан 19-32 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Тухайн үед дээрх этгээдүүдийн биедээ тээвэрлэж явсан мансууруулах бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан. Уг этгээдүүдэд ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлт нээн саатуулан шалгаж байна. Мөн өнгөрсөн онд хар тамхи мансууруулах төрлийн бодис гэртээ тарьж ургуулсан Турк улсын иргэнийг илрүүлсэн.

Энэ оны нэгдүгээр сард Нигери улсын иргэд шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хэчнээн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бэ?

Хар тамхитай тэмцэх газраас энэ он гарсаар 59 холбогдогчтой 24 хэргийг илрүүлэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэргийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад тодорхой хувиар өссөн. 2018 онд хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Эдгээр хүмүүсийн 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй байсан бөгөөд дийлэнх нь 20-35 насны залуус холбогдсон байсан. Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэгт хохирогч гэж хэн нэгнийг тогтоодоггүй. Хар тамхийг зөвхөн хэрэглэсэн бус биедээ авч явсан, бусдад зарж борлуулсан, тээвэрлэсэн гээд холбогдож буй бүхий л хүмүүсийг яллагдагчаар татан шалгадаг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр насныхан өртөх боллоо. Үүний цаад шалтгаан юунд байдаг вэ?

-Мансууруулах бодис хэрэглэсэн өсвөр насны хүүхдүүдийг судлаад үзэхэд эцэг, эхийн хараа хяналт сул, нэгэндээ уруу тагтагдах байдлаар гэмт хэргийн холбогдогч болчихсон байдаг. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж тэднийг хаана, хэнтэй нөхөрлөж буйг нягтлан шалгаж байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас танай хүүхэд хар тамхины хэрэгт холбогдлоо гэхэд зарим эцэг эхчүүд үгүйсгэдэг. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг биологийн буюу цус, шээсний шинжилгээгээр тогтоодог.

Харамсалтай нь манай улсад архинаас гаргах албадан эмчилгээ байдаг мөртлөө хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг албадан эмчилдэггүй.

Тэдэнд зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг зуун хувь эмчлэх боломж манай улсад байдаггүй гэж ойлгож болно. Өнгөрөгч аравдугаар сард хар тамхи хэрэглэдэг өсвөр насны залуу өөрийгөө боомилсон хэрэг гарсан. Тухайн этгээд нь цаашдаа хар тамхигүйгээр амьдарч чадахгүй учраас гэрээслэл бичээд, өөрийгөө егүүтгэсэн байгаа юм.

Тэгэхээр эцэг эхчүүд хар тамхины хор хөнөөлийн талаар хүүхдэдээ мэдээлэл өгч нээлттэй ярилцдаг байх ёстой.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж