Хоёрдугаар сарын эхний арав хоногийг олон жилийн дундажтай харьцуулахад 0-7 градусаар илүү хүйтэрчээ. Шалтгаан нь хойд зүгээс буюу Сибирийн хүйтэн агаарын масс орж ирсэнтэй холбоотой хэмээн холбогдох байгууллагаас мэдээлж буй юм.
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна. Завхан, Идэр тэсийн хөндий, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө хасах 32-37 хэм болж буурна. Одоогоор 44-46 хэм хүйтэн хонож байгаа шүү дээ. Хүйтний эрч суларснаар ихэнх нутгаар өдөртөө -18-23 градус байх юм байна. Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч сар шинийн баярын өдрүүдээр хүйтэрсэн шиг чангарахгүй ажээ.
Ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Увсын баруун, Архангай, Төв аймгийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Энэ сард уур амьсгалын сарын дундаж агаарын температур Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар дөрвөн градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байгаа аж.
Хур тунадас Баян-Өлгий Архангай, Төв аймгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу орох төлөвтэй. Харин Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага хур тунадастай байх бол бусад нутгаар дунджийн орчим буюу 2.5-7 мм хүртэл хэмжээтэй хур тунадас орох юм байна.
Б.ЖАРГАЛ