АНУ-ын Нью-Йорк хотын Холбооны дээд шүүх Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гусман Лоэраг хар тамхи борлуулсан, хууль бус галт зэвсэг эзэмшсэн, мөнгө угаасан, айлган сүрдүүлсэн, захиалгат аллага гэх мэт 10 гаруй хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноожээ. Энэ оны зургадугаар сараас эхлэн тэр албан ёсоор ялаа эдлэх юм байна.
Түүнийг ийнхүү ялласан нь АНУ болон Мексикийн ард түмний ялалт боллоо гэж үзэж буйгаа Холбооны шүүхийн албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Учир нь энэ хүний үүсгэн байгуулсан хар тамхины сүлжээнээс болж хоёр улс хэдэн арван жилийн турш хар тамхины торонд орооцолдон, хүчирхийлэл, донтолт, аллага газар авчээ. Өдгөө 61 настай, гэмт бүлэглэлийн толгойлогч Эль Чапо нь 1980-аад оноос эхлэн АНУ-ын хотуудад хууль бус хар тамхины бизнес эрхэлж, зуу зуун сая ам.доллар олж байсан аж.
“Хар тамхины хаан, загалмайлсан эцэг”, “Эль Чапо буюу Атигар”, “Робин Гүүд” зэрэг хочит тэрбээр Мексикийн хамгийн нэр нөлөө бүхий хүн юм.
Анх 1993 онд хар тамхи хууль бусаар борлуулсан, хүн амины хэргээр 20 жилийн хорих ял авч байсан ч торны цаанаас гэмт бүлэглэлээ удирдаж, гэртээ байгаа мэт тансагладаг байсан гэдэг. Улмаар 2011 онд шоронгийн хамгаалагчид авлига өгөн оргож, АНУ болон Мексикийн засгийн газар, Интерпол түүнийг дэлхий даяар эрэн сурвалжилсан байна. АНУ-ын засгийн газар түүний тухай мэдээллийг таван сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Мексикийн засгийн газар ч мөн дутахааргүй шан харамж амлаад байв. 2014 оны хоёрдугаар сард түүнийг “Синалоа” бүлэглэлийн байрнаас олж дахин хорьсон байдаг. Гэсэн ч 2015 онд дахиад л хүн байтугай шоргоолж ч гарч чадахааргүй шоронгоос газар доогуур 1,6 километр хонгил ухан оргосон нь Мексик улс даяар домог мэт яригддаг. 2016 онд Мексикийн тал түүнийг олж, 2017 онд АНУ-д шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ