Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо

Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо

Засгийн газрын өнөөдөр /2019.02.13/-ийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулууны өвийн талаар үндэсний хөтөлбөр батлагджээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж, ЮНЕСКО-ийн соёлын өвийн биетэд яаралтай хамгаалах соёлын биет бус өв болох Монгол бүжиг, цуур, тууль, лимбэ, уран бичлэг, ботго авхуулах, уул овоо тахих зан үйлүүд хамаардаг. Энэ биет өвүүдийг нэгтгэсэн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа. Хөтөлбөр батлагдсанаар хойч үедээ өвлүүлэх, хамгаалах, гадаадад түгээн сурталчлах зэрэг бүх талаас нь хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Өнөөдрийн байдлаар 80 орчим биет бус өв хамаардаг. Морин хуур, монгол ардын дуу, хөөмий, баяр наадам, бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа зэрэг өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны сүг зураг зэрэг чулуун соёлын өвүүд цаг хугацааны хувьд болон хүний буруутай үйл ажиллагаанаас бол устаж байгаа учраас чулуун соёлын өв үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр батлагдсанаар Монголын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны бичээс зэргийг соёлын өвийн жагсаалтад оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болгож, аялал жуулчлалын томоохон бүс болгох зэрэг асуудлуудыг тусгасан. Энэ хоёр хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд төсвийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, тодорхой олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжинэ. Жишээлбэл, Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг зурсны дагуу хамгаалах ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Энэ хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн төсөв зарцуулах вэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24,2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон бусад гэсэн зарцуулалт хийхээр 2023 он хүртэл төлөвлөгдсөн байгаа. Албан ёсоор хөтөлбөр батлагдсан учраас тодорхой хүрэх үр дүнтэй, хариуцах эзэнтэй.

-Танай яамны газрын дарга нар Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой мэдээлэл үү?

-Сайдаар томилогдоод өнөөдөр анхны Засгийн газрын хуралдаанд оролцож байна. Олон нийтийн дунд яамны удирдлагын асуудлын талаар олон ойлголт байгаа. Одоогоор ажилтайгаа танилцах уулзалтуудыг хийж байна. Салбарын талаарх мэдээлэл, явуулж байгаа арга хэмжээний мэдээлэлтэй байна. Тодорхой нэр бүхий албан тушаалтантай холбоотой огцруулах миний нэр дээр орж ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын  түвшинд ийм асуудал яригдсан эсэхийг мэдэхгүй байна.

-Сурах бичгийг жил бүр шинэчлэн хэвлүүлдэг. Үүнийг заавал жил бүр хэвлэх шаардлагатай юм уу?

-Ажлаа аваад энэ талаар судалсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсох шаардлагатай байгаа. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг үнэгүй тарааж байгаа. Өнөөдрийн байдлаар сурах бичгүүд хэвлэгдээд дуусч байна. Тиймээс дахин сурах бичиг хэвлэхгүйгээр, нэг стандартаар явуулна. Ер нь цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн нэг бодлоготой болох шаардлагатай байгаа.

-"Үдийн цай" хөтөлбөрийг үдийн хоол болгох асуудлыг байнгын хорооны түвшинд ярьж байгаа. Та ямар бодлого баримтлах вэ?

-Байнгын хорооны түвшинд хуулийн төсөл явж байгаа бөгөөд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хэлэлцүүлгийн явцад байр сууриа илэрхийлээд явна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж