“Мадурогийн эрин үе дуусч байна. Түүний Засгийн газар ямар ч ирээдүйгүй, шинэ санаагүй, ард түмний дэмжлэггүй болсон. Эсэргүүцлийн жагсаал цуглаан улам хүчээ авч байгаа учраас зайлшгүй ирэх ирээдүйгээс тэр бултаж чадахгүй” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө зарлаад буй Х.Гуайдо өчигдөр /2019.02.12/ DW телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Каракаст томоохон жагсаал өрнөв
Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан хөдөлгөөн сүүлийн нэг сар орчмын хугацаанд өрнөж байгаа билээ. Х.Гуайдо болон АНУ-ын зүгээс Н.Мадурог хүчтэй эсэргүүцэн, шахалт үзүүлэхийг оролдож байгаа бол ард иргэд нь ойр ойрхон жагсаал цуглаан хийж байгаа юм. Тухайлбал, өчигдөр /2019.02.12/ Венесуэлийн нийслэл Каракас хотод гэхэд л 100 мянга гаруй хүн жагссан бөгөөд тэдний олонх оюутан залуус байв.
Уго Чавесын залгамжлагч Н.Мадуро болон 35 настай парламентын дарга Х.Гуайдо нарын хүчний харьцаа харилцан адилгүй байгаа юм. Н.Мадурог Венесуэлийн Засгийн газрын албан тушаалтнууд, зэвсэгт хүчин болон ОХУ, Хятад тэргүүтэй орнууд дэмжиж байгаа бол Х.Гуайдог ард иргэдийн олонх нь, хууль тогтоох дээд байгууллага мөн АНУ тэргүүтэй барууны орнууд дэмжиж байгаа билээ. Харин Н.Мадуро АНУ-ын утсан хүүхэлдэй хэмээн Х.Гуайдог шүүмжилсэн.
Хүнсний тусламж орж ирэх замыг нээнэ
“Венесуэлчүүд Н.Мадуро хэмээх дарангуйлагчийн дор өлсөж, зовж, шорон, зэвсэг зэргээс айж амьдарч байна. Тиймээс энэ бүхнийг өөрчилтөл тэмцэл, хөдөлгөөнөө хэзээ ч зогсоохгүй” хэмээн Х.Гуайдо хэлсэн байна. Х.Гуайдо хоол, хүнс тэжээлийн дутагдалд орсон ард түмнийхээ төлөө олон улсаас хүмүүнлэгийн тусламж хүссэн ч Н.Мадуро үүнийг нь эсэргүүцэж, тусламж орж ирэх замыг нь хаагаад байгаа юм. Харин хүнсний тусламж орж ирэх замыг хоёрдугаар сарын 23-наас өмнө нээнэ гэдгээ Х.Гуайдо мэдэгджээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ядуурал, өлсгөлөнгийн улмаас гурван сая хүн Венесуэлээс дүрвэсэн байна.
Эх сурвалж: NHK, DW
Холбоотой мэдээ