Хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхтэй хаваржилтын талаар цөөн хором ярилцлаа.


-Хөдөө орон нутагт хаваржилтын байдал хэр байна вэ?

Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн хувьд хаваржилт хэвийн байна гэж хэлж болохоор байна. Малын өвөлжилт харьцангуй тогтвортой байсан нь өнгөрсөн 2018 онд манай иргэд малчид болон орон нутгийн удирдлагууд өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг бүх түвшинд маш сайн хангасантай холбоотой. Улсын хэмжээнд бараг 90 орчим хувийн үнэлгээтэйгээр бэлтгэлээ хангасан. Одоогийн байдлаар малчид  хаваржилтын бэлтгэлээ хангаж  байна.

Гэхдээ хамгийн гол асуудал нь энэ жил цас маш бага орсон учраас хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Цас багатай байна гэдэг нь хаваржилтын үед малын амны ус хүндэрнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар ялангуяа Говийн болон тал  хээрийн бүсийн аймгуудад цас бага орсон учраас мал усаар дутагдан хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Цаашид энэ байдлаараа гурван сартай золговол хаврын улиралд салхи, шороон шуургатай байх төлөвтэй байна.

Орон нутгаас авсан мэдээллээр нэг худгаас услах малын тоо ихэссэн. Зарим аймагт бэлчээрт худаг ус байхгүй учраас малын амны усыг зөөж усалж байна. Цасан бүрхүүл багатай учраас салхи шуургатай үед өвс хийсэх, хөрс сулрах зэрэг үзэгдэл ихэнх аймгуудад тохиолдож байна. Хоёр дахь асуудал, бэлчээрийн даацтай холбоотой асуудал. Сүүлийн жилүүдэд малын тоо өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн даац багассан. 100 га бэлчээрт байх малын тоо гурав дахин нэмэгдсэн судалгааны үр дүнгүүд бий. Бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхлэхгүй бол цаашдаа ер нь өвөл, хаврын улиралд байдал улам хүндрэх нь тодорхой болж байна.

Энэ жилийн тухайд малчид иргэд орон нутгийн удирдлагууд өвс тэжээлээ сайн бэлдсэн учраас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сум орон нутаг болон аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээл зарцуулсан нь харьцангуй бага байна. Малчид хувийн бэлтгэлээ сайн хангасан тул тэр болгон өвс тэжээл худалдан авахгүй байгаа учраас өвсний үнэ ч хөөрөгдөхгүй байна. Олон жилийн туршлагаас харахад 2018 онд маш ихээр улсын болон сум орон нутгийн өвс тэжээлийн нөөц бэлтгэсэн. Өвөл, хаврыг өнөтэй давах эсэх нь ерөөсөө бэлтгэлээ эртнээс хийхээс шалтгаална. 2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг энэ оноос эхэлж хийх ёстой.

-Энэ хавар нийт хэчнээн мал төллөх вэ?

20 гаруй сая мал төллөнө. Өнгөрсөн жил 28 сая хээлтэгч малаас 20 сая  төл авсан. Малчдын хувийн бэлтгэл зохион байгуулалтгүйгээс  болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан малын хоргодол ихтэй байсан. Ер нь ямар ч байгалийн  хүндрэлийн өмнө малчид бэлтгэлээ сайн базаасан бол асуудалгүй.

Бэлчээрийн даац хэтэрсэн гэж ярианы эхэнд дурдлаа. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Бэлчээрийн хэмжээ багасч, хадлангийн талбай маш бага болж байна. Учир нь Монгол Улс бэлчээрийн талбайгаасаа илүү их малтай болсон. Бэлчээрийн даац гурав дахин, зарим газарт 5-6 дахин хэтэрсэн. Бэлчээрт үзүүлэх ачаалал нэмэгдэнэ. Цаашдаа бэлчээрт үзүүлэх ачааллыг бууруулахын тулд ялангуяа ямаан сүргийн тоог бэлчээрийн даацад тохируулан бууруулах ёстой. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2018 оны намар Монгол Улс 84 сая малтай байсан, өнөөдөр 66.5 сая толгой малтай байна. Тэгэхээр 18 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг. Энэ нь маш сайн үзүүлэлт. 2017 оны урьдчилсан дүнгээр Монгол Улсын хэмжээнд 66.2 сая толгой мал байсан бол 2018 оны байдлаар 66.5 сая толгой малтай болжээ. Хоёр сая 400 мянга орчим толгой мал өссөн гэдэг нь малын тоог өсгөхгүй, чанарыг эрхэмлэж байгаа ерөнхий бодлого улсын хэмжээнд хэрэгжиж байна гэж харж байна.

 Малчид иргэд бүх түвшиндээ малын тоо толгойг өсгөх биш чанаржуулах ёстой. Тоогоор нь өсгөх биш чанарыг эрхэмлэн 100 толгой мал сүрэгт байх эм малын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүрэгт үржлийн малын тоо их байна гэдэг нь жилдээ маш олон төл хүлээн авах боломж үүснэ.

Малыг замбараагүйгээр өсгөж ерөөсөө болохгүй. Байгалийн нөөцдөө тохирсон мал аж ахуйгаа л эрхлэх хэрэгтэй. Монгол Улс жилдээ 30 сая төл хүлээж аввал мах үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломж бий. Эдгээр том том боломжуудыг харах хэрэгтэй.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИЛДЭЭ 1000 ХУДАГ ГАРГАХ ТЕХНИКИЙН ХҮЧИН ЧАДАЛ БИЙ

Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх

Цасгүй байгаа аймгуудын мал ундны усаар дутагдаж турж эцэх эрсдэл үүсэх магадлалтай. Малчид ийм тохиолдолд гүний худаг болон гар худгаас малаа усалж таарна. Ер нь Монгол Улсын хэмжээнд худгийн хүрэлцээ хэр хангалттай байдаг вэ?

Ялангуяа хаврын улиралд ихэнх нутгаар цасгүй байна гэдэг үнэхээр хүнд. Нийт малыг тогтвортой усаар хангах усны эх үүсвэр байхгүй. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 13600 тооны гүний худаг, 30 мянга гаруй гар худаг бий. Ойрын хугацаанд улсын хэмжээнд 5000 орчим  гүний худаг гаргах шаардлагатай. Гар худаг нь малчдын хувийн худаг учраас илүү олон тооны мал услах хүчин чадалтай гүний худгийн тоог нэмэх хэрэгтэй.

Социализмын үед гүний худаг 29 мянга, гар худаг 14 мянга байсан. Тухайн үед 23 сая малтай байсан гэж бодохоор одоо бол социализмын үеэс гүний худаг хоёр дахин багасч, гар худаг нь хоёр дахин ихэссэн. Энэ нь юмны чанар муудаж байгаагийн нэг илрэл юм уу даа л  гэж  харж байна.

Өнгөрсөн 2018 онд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 330 суманд 330 худаг гаргана гэж төлөвлөсөн. Хамгийн доод тал нь нэг суманд нэг худаг гэж тооцсон. Гэхдээ энэ нь мэдээж бага тоо. Хамгийн доод шатны арга хэмжээг ингэж авъя л гэж төлөвлөсөн. Монгол Улсын хэмжээнд жилдээ 1000 худаг гаргах техникийн хүчин чадал бий. Энэ маш том ажил. Мэдээж хөрөнгө мөнгө цаг хугацаа их шаардагдана. Харамсалтай нь, энэ хэмжээнд хөрөнгө оруулалт батлагдаагүй. Төлөвлөсөн ажлуудын хөрөнгө мөнгийг заавал төрөөс батлах ёстой.

-Сүүлийн жилүүдэд цаг агаарын тогтворгүй байдал ихээр ажиглагдах болсон шүү дээ.

Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд цаг агаар 2.2 хэмээр дулаарсан. Энэ нь их хэмжээний ус агаарт  ууршиж байна гэсэн үг. Ингэхээр бэлчээрийн мал аж ахуй газар тариаланд маш том эрсдэл бий болгож байна. Маш том эрсдэлийг бид сүүлийн хоёр жилийн хугацаанд харлаа шүү дээ. 2017 оны зургадугаар сард бараг өдөр бүр 25 градусаас дээш халж байсан бол 2018 онд долдугаар сар гарж байж л бороо орсон. Жилд ордог хур тунадасны хэмжээ нийт дүнгээрээ хэвээрээ мөртлөө хур тунадас орох хугацааны хувьд өөрчлөлт орж байна. Мөн  температурын өөрчлөлтэй холбоотойгоор гэнэт их хэмжээний хур тунадас ороод, маш хурдан ууршаад алга болчихдог болж. Өмнө нь жигдхэн ордог байсан бол энэ хуваарилалт алдагдсан.

Хур тунадасны хэмжээнд өөрчлөлт орсноор бэлчээрийн төлөв байдалд маш их өөрчлөлт орж байгаа. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль цаг уурын өөрчлөлт, нөөцөд зохицуулан зохион байгуулах шаардлага тулгарч байна. Цаашид байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн чадавхад тулгуурласан хөдөө аж ахуйн буюу мал аж ахуйн газар тариалангийн бодлого явуулах ёстой.

 Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж