УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “бандааш”-ны асуудлаас болж бүрэн эрхээсээ түдгэлзэж, УИХ 75 гишүүнтэй болсон. Түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Ингэхдээ 2019 оны зургадугаар сарын 30-нд нөхөн сонгуулийг товлосон билээ. Гэхдээ 2018 оны аравдугаар сарын 8-нд нөхөн сонгууль зохион байгуулах саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д хүргүүлж, баталж байсан. Тухайн үед нөхөн сонгуульд 14 нам өрсөлдөхөө илэрхийлж, бүр нэр дэвшигчдийн марафон ч эхэлсэн байлаа. Нөхөн сонгуульд өрсөлдөх боломжтой хүмүүсийн дунд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар нарын нэр хүчтэй яригдаж байсан юм. Гэвч иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэц гомдлыг хүлээн авснаар нөхөн сонгууль хойшилж байв. Харин энэ гомдлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн ээж гаргаж, Цэц түүнийг нь хүлээж авсан талаар хэсэгтээ шуугисан билээ.
Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учраас Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгууль 2020 онтой золгох болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд яригдаж байсан ч намрын чуулган хаахын өмнө нөхөн сонгуулийг товлон зарлаж, ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн нөхөн сонгууль ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох чухал сонгууль. Учир нь ердөө жил гаруй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болох бөгөөд аль нам, хэн гэдэг улстөрч сонгогдох боломжтой эсэхэд анализ хийх боломжтой. Ялангуяа 64 суудалтай эрх баригч нам, сөрөг хүчин болох Ардчилсан намынхны хувьд намынх нь рейтинг хаа явна вэ гэдэгт дүгнэлт хийж, 2020 оны сонгуульдаа бэлтгэх боломж ч байж болно. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд улс төрийн голлох хоёр хүчин болох АН, МАН-ынхан илүүтэй анхаарлаа хандуулах болов уу. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нь оролцох эрх нь нээлттэй байгаа. Өнгөрсөн удаад нөхөн сонгууль товлогдож байхад 14 нам оролцохоо илэрхийлж байсан. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд ч мөн тооны намууд оролцох бөгөөд гол өрсөлдөөн МАН, АН, МАХН гэсэн гурван намын хүрээнд өрнөх болов уу.
Энэ тойрогт 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Гантулгатай АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, МАХН-аас улсын начин Б.Одхүү нар нэр дэвшин өрсөлдөж байжээ.
МАН-АН-МАХН
Нөхөн сонгуулийн чимээнээр нэр дэвшихээр горилогчдын нэрс хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан удаатай. Энэ удаа ч мөн л нэрс хэвлэлийн хуудаснаа заларч, улс төрийн хүрээнийхний таамаг ч өрнөж эхлэв. МАН-ын хувьд 64 суудалтай, үнэмлэхүй олонх учраас энэ удаагийн нөхөн сонгуульд нэг бол маш өндөр ач холбогдол өгнө, үгүй бол оролцсон нэр төдий өнгөрөх болов уу. Учир нь нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэвшиж, гишүүн болно гэх таамаг байсан ч тэрбээр өөрөө нэр дэвшихгүй, одоогийн Засаг дарга Б.Ганбямбыг нэр дэвшүүлэх талаар ч өмнө нь МАН-ын удирдлагын түвшинд яригдаад өнгөрсөн. Харин Засаг дарга Б.Ганбямбын хувьд намын даргынхаа энэ саналаас татгалзсан гэх яриа бий.
Сөрөг хүчин болох Ардчилсан нам одоо УИХ-д бүлэггүй болж байгаа учраас тэдэнд нэг суудал нэмж, албан ёсны бүлэгтэйгээ үлдэх бодол бий. Харин хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь маш чухал. Нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар нарыг магадлал өндөр гэж байгаа ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатарыг ч санаатай гэх нь бий. УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатарын хувьд нөхөн сонгуульд оролцохгүй л болов уу. Түүний АТГ, шүүхийн асуудал цэгцрээгүй учраас тэр энэ удаад өнжих биз ээ.
МАН, АН-аас хэн ч дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр болон С.Ганбаатар нар хүчтэй өрсөлдөгчид байх болов уу. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд цорын ганц УИХ-ын гишүүн болох О.Баасанхүүтэй таарамжгүй харилцаатай. Тиймээс өөрөө нэр дэвшиж, сонгогдоод гишүүн болох чин хүсэл түүнд байж болох. Эсвэл өөрөө 2020 оны сонгуулиа бодож С.Ганбаатарыг ч өрсөлдүүлэх боломжтой. Тэдний хэн нь ч байсан МАН, АН-ын нэр дэвшигчдийн гол өрсөлдөгчид нь байх болов уу. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох боломжтой гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдээд буй.
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд аль ч намаас ямар ч улс төрч, нэр дэвшигч орж ирсэн энэ удаагийн сонгууль 2020 оны сонгуулийн өнгийг харж болохуйц сонгууль болно. Тиймээс намууд нөхөн сонгуульд ач холбогдол өгч, бэлтгэлээ базаах болов уу.
Ш.ЧИМЭГ