Э.Баатарцогт: 1072 хувьцааны нэгж үнэ 933 төгрөг хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Э.Баатарцогт: 1072 хувьцааны нэгж үнэ 933 төгрөг хэвээрээ

Э.Баатарцогт: 1072 хувьцааны нэгж үнэ 933 төгрөг хэвээрээ

Иргэдийн дунд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олгоно гэх хүлээлт үүсээд буй. Зарим нь нэгж хувьцааг 20-40 мянган төгрөгөөр үнэлнэ гэж ярих болсон. Энэ талаар “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.


-Иргэд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны  ногдол ашгийг хэзээнээс олгох вэ гэсэн хүлээлттэй байна. Хувьцааны ногдол ашгийг хэзээнээс олгох вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажиллаж байсан тохиолдол байхгүй учраас өмнөх жилүүдэд бодит үр өгөөжөө өгөх боломжгүй байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” компани төлөх ёстой өр төлбөрөө төлж, эдийн засгийн хувьд баталгаажиж, ашигтай ажиллах болсон. Тиймээс хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн хурлаар шийдвэр гаргасан тохиолдолд иргэдэдээ 1072 хувьцааны ногдол ашиг өгөх болно.

-Сошиалд 1072 хувьцааны нэгж үнийг 20-40 мянган төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой юу?

-Иргэдийн хувьд 1072 хувьцааны талаар ойлголт, мэдээлэлтэй байх ёстой. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн санаачлагаар өнгөрөгч оны тавдугаар сарын 21-ний өдөр “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулсан. Энэ мэдээллийн төвөөр дамжуулан иргэд хувьцаа гэж юу вэ гэдгийг ойлгох, ирээдүйд ямар үр өгөөжтэй, ашигтай вэ гэдэг мэдээллийг авч болно. Компанийн тухай хуулиар тухайн хувьцаат компани иргэдэд ногдол ашиг хуваарилахдаа ТУЗ-ын хурал, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу олгоно. Өөрөөр хэлбэл одоо бид иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно, олгохгүй гэдгийг хэлэх боломжгүй. Тийм учраас хуулийнхаа дагуу л процесс нь явж байгаа гэсэн үг.

-Хувьцааны үнэ өөрчлөгдсөн үү?

-Анх 1072 хувьцааг олгохдоо нэгж үнэ нь 933 төгрөг байсан. Энэ хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаатай хүн 1 сая 176 төгрөгийн хувьцаатай байсан. Өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүн хасагдсан байгаа. Тодруулбал, 2011 онд оюутны сургалтын төлбөр 500 мянга болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оос хасагдана гэсэн үг.

-Иргэд өнгөрсөн оноос эхлэн 1072 хувьцааны данс нээлгэж байгаа. Одоогийн байдлаар хэчнээн иргэн данс нээлгээд байна вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн зүгээс хөрөнгийн зах зээлд ажиллаж буй үнэт цаасны брокер, диллерийн компаниудтай хамтран иргэдийн хувьцааны данс нээх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөвхөн 1072 хувьцааны ногдол ашгийг авахын тулд зайлшгүй данс нээлгэх ёстой. Гэхдээ иргэдийг заавал хэдэн сарын хэдний дотор хувьцааны данс нээлгэх шаардлагатай гэсэн хугацаа заагаагүй. Учир нь тодорхой хугацааны дараа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжиж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах, захиран зарцуулах эрхтэй болно. Иргэд данс нээх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Сүүлд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээр 1072 хувьцааны мэдээллийн төв байгуулагдсанаас хойш ойролцоогоор 500 гаруй мянган иргэн данс нээлгэсэн. Тэгэхээр ойролцоогоор сая орчим иргэн 1072 хувьцааны дансаа нээлгээгүй байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж