Ангела Меркелийн халааг авч, Германы эрх баригч “Христийн ардчилсан холбоо” намын даргаар сонгогдсон Аннегрет Крамп-Карренбауэр цагаачлалын асуудлаар хатуу бодлого баримтлахаа өчигдөр /2019.02.12/ мэдэгдлээ. Тэрбээр энэ бодлогынхоо хүрээнд Европын холбоог үл хайхран Германы хилийн боомтуудыг “ухаалаг” хяналттай болгохын сацуу “урьдчилан шийдвэрлэх систем” гэгчийг бий болгох тухай төлөвлөгөөгөө танилцуулав.
Намын удирдлагууд энэхүү шийдвэрийг гаргахын тулд удаан хугацаанд хэлэлцсэн бөгөөд цагаачлалын асуудлаар Ангела Меркелиэс тэс өөр бодлого баримтлах тухайгаа Даваа гаригт /2019.02.10/ болсон “Христийн Ардчилсан холбоо” намын хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Эргэн сануулахад, Германы Канцлер Ангела Меркель 2015 онд нэг сая гаруй дүрвэгч хүлээн авах тухай шийдвэр гаргасан. Үүнээс хойш дүрвэгсдийн хямралын тухай асуудал Герман улсын бодлого боловсруулагчдын “толгойны өвчин” болоод байгаа билээ. Учир нь сүүлийн хэдхэн жилийн дотор ХБНГУ-д дүрвэгчид хэдэн зуун мянгаараа ирж буй бөгөөд тэдний ихэнхийг иргэний дайнд нэрвэгдээд буй Сирийн дүрвэгчид эзэлж байна.
Аннегрет Карренбауэр “2015 оны хэрэг явдлаас бид хангалттай сургамж авсан учраас дахин ийм зүйл болгохгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой” хэмээн онцолжээ.
Өөрчлөлт, шинэчлэлтийн алхмууд
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эх орноосоо дүрвэн гарсан хүмүүс болон тэдний үр хүүхдүүдийг эргэн ирэхэд хялбар байлгах үүднээс орогнол хүсэх үйл явцыг аль болох чөлөөтэй, хялбар байлгах тухай Германы Үндсэн хуульд заасан байдаг. Харин Аннегрет Карренбауэрийн хэлснээр энэхүү системийг буруугаар ашиглаж буй цагаач, дүрвэгчдэд “хатуу анхааруулга” өгөх цаг нь ирсэн ажээ.
“Христийн ардчилсан холбоо” намын гишүүн Армин Шустер өчигдрийн хэвлэлийн бага хурлын төгсгөлд ирээдүйн цагаачлалын бодлогын талаар дараах зүйлсийг дүгнэн хэлжээ:
- Орогнол хүсэгчдэд виз олгох эсэх асуудлыг Герман улсад биш Европын холбооны хилийн гадуур шийдэх ёстой. Энэ нь виз татгалзсан хүмүүсийг Герман улсад байлгаад байх биш, хилийн чанадаас шууд буцааж байх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үүнийгээ тэд “урьдчилан шийдвэрлэх систем” хэмээн нэрлэсэн байна.
- Фортекс буюу Европын хил, эргийн хамгаалалтын агентлагийн ажилчдын тоог 2020 он гэхэд 10 мянгаар нэмэгдүүлж, дээр дурдсан системийг ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлж эхэлнэ.
- Герман улсад орж ирж буй хүн бүрийг дахин нарийвчлан шалгадаг болно.
- Герман улсад хууль бусаар оршин суугчидтай тэмцэхэд цагдаа нарын үүрэг оролцоог эрс нэмэгдүүлнэ.
Ангела Меркел намын даргаас огцорсон нь
Ангела Меркель 2000 оноос хойш өнөөг хүртэл 18 жилийн турш Христийн Ардчилсан холбооны даргаар ажилласан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард болсон Германы орон нутгийн сонгуулийн үеэр нам нь түүхэнд байгаагүй томоохон ялагдлыг хүлээсний дараа намын даргын албан тушаалаасаа огцрох төдийгүй Канцлерийн суудлын төлөө дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Канцлерын үүрэгт хугацаа нь 2021 онд дуусах юм.
Ийнхүү Герман улс төдийгүй Европын холбоонд нүүрлэсэн дүрвэгсдийн хямралын асуудлаас болж эрх баригч “Христийн ардчилсан холбоо” болон түүнтэй эвссэн “Социал демократ нам” ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж, дэмжигчдээ алдаад байгаа бол 2017 онд Германы улс төрд орж ирсэн шинэ хүчин болох “Германы алтернатив” хэмээх хэт үндсэрхэг үзэлтэй нам сонгогчдын дунд хүчээ авч байгаа. Цагаачдын асуудлаас болоод Германд хэт үндсэрхэг үзэл газар авч байгааг судлаачид анхааруулж байгаа билээ.
Эрх баригч нам нэр хүндээ алдахад нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл нь нийгмийн халамжид хэтэрхий их мөнгө үрж байгаа явдал юм. Ялангуяа Герман улсад ирсэн дүрвэгчид иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс “хумсалж” тэтгэмж авч байгааг олон хүн эсэргүүцэж байна.
Нөгөөтэйгүүр цагаач, дүрвэгчид Германд маш их хэрэгтэй байна
“Бертелсманн” сангаас хийж, өчигдөр /2019.02.12/ олны хүртээл болсон судалгаанаас үзвэл Герман улсад ажиллах хүчний хомсдол бий болж буй бөгөөд энэ нь хэдхэн жилийн хугацаанд “толгой гашилгасан асуудал” болж хувирна гэдгийг анхааруулж байна. Харин энэхүү ажиллах хүчний хомсдолыг нөхөж, эдийн засгийн үр ашгаа хэвийн хэмжээнд барихын тулд Герман улс 2060 оныг хүртэл жил бүр 146 мянган цагаачийг Европын холбооны бус орноос хүлээн авах шаардлагатай байгаа аж. Өнгөрсөн 2017 онд 38 мянган ажилчин л гадаадаас Германд ирж суурьшсан байна.
Хүн амын хөгшрөлт болон төрөлтийн хувь хэмжээ багасч байгаагаас үүдэн Герман улсын хүн ам 2060 он гэхэд 16 саяар буурах төлөвтэй байгаа аж.
Тус судалгааны дүгнэлтэд тусгагдсанаар Герман улс Цагаачлалын тухай хуулиа өөрчилж, илүү чадварлаг, мэргэжилтэй ажилчдыг татах хэрэгтэй болжээ.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ