Сэйжи Иимура болон түүний эхнэр Фүюүми Иимура нар таван үеэрээ бонсай мод ургуулж ирсэн мэргэжилтнүүд юм. Тэд Сайтама дахь 5,000 га талбайтай бонсайн цэцэрлэгтээ 3,000 гаруй мод ургуулдаг аж. Гэтэл нэгдүгээр сарын сүүлээр тэдний цэцэрлэгээс 118 мянган ам.долларын үнэ бүхий долоон бонсай хулгайд алдагджээ.
Хулгайд алдагдсан модод дунд 400 жилийн настай, 90 мянган ам.долларын үнэтэй ногоон арц мод байсан гэнэ. Ногоон арц модны өндөр нь нэг метр, өргөн нь 70 см орчим байсан байна. Үүнээс гадна гурван төрлийн нарс, мөн арай хямд үнэтэй гурван арц мод байжээ.
Эхнэр Иимура “Надад хэлэх үг алга. Манай гэр бүл Эдүгийн үеэс /1603-1868 он/ эхлэн таван үеэрээ бонсай ургуулж, энэ урлагт амьдралаа зориулсан хүмүүс. Бид моднуудаа яг л хүүхэд шиг арчилдаг. Моднууд маань долоо хоног усгүй байхад л хатаж, үхнэ. Хамаг бие минь салгалаад хэцүү байна” хэмээн ярьсан байна.
Иимурагийн гэр бүлийнхний үзэж байгаагаар хулгайчид мэргэжлийн хүмүүс байж магадгүй гэв. Учир нь цэцэрлэгт хүрээлэнд байсан хамгийн үнэтэй, ховор моднуудыг авсан байлаа.
Бонсай нь анх Хятадад үүсээд улмаар Японд хөгжсөн, жижиг вааран саванд байгальд ургадаг моддыг жижигрүүлэн ургуулах урлаг юм. Ингэж ургуулсан мод нь хэдэн зуун жил насладаг бөгөөд маш их арчилгаа шаарддаг, тэр чинээгээрээ их үнэтэй байдаг. Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн цагаан нарс модыг 1976 онд Японы Засгийн газар энх тайвны бэлгэ тэмдэг болгож АНУ-д бэлэглэж байсан түүхтэй.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ