ӨЧИГДӨР: Билгийн тооллын зуны адаг сарын шинийн дөрвөнд буюу өчигдөр Бурхан багш номын хүрд анх эргүүлж, сургаал айлдсан их дүйчэн өдөр тохиолоо. Энэхүү өдөрт зориулж “Таны буянд даган баясъя” төвийн санаачлагаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Бакула ренбүчийн “Бэтүв” хийд, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төв, “Асрал” төрийн бус байгууллагаас хамтран “Ухаан далай номоос эхтэй” номын чуулганыг зохион байгуулав.
ӨНӨӨДӨР: Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорт холбогдох эрүүгийн хуулийн 148,3, 150,3-аар зүйлчилсэн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүрэгт шүүнэ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 93 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн бусдаас 15 сая төгрөг залилсан гэх хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Д.Сүрэнхорын Үйлдвэр худалдааны Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа ажилчдын цалин болох 93 сая төгрөгийг үргүйдүүлсэн гэх гэмт үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой юм байна.
ДУУЛИАН: “Анод”-ын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. “Анод” банкны удирдлагатай холбоотой эрүүгийн хэргийг энэ оны дөрөвдүгээр сард Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдэхээр Прокурорын газарт шилжүүлсэн юм. Гэвч Нийслэлийн прокурорын газар хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. “Анод” банкны ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Л.Уламбаяр, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарыг банкнаас гаргасан хувьцаа, тайлан, балансаа алдагдалгүй гаргахын тулд холбогдох хүмүүст авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-ын ажлын хэсгийнхнээс гадна АТГ-ын мөрдөн байцаах алба давхар шалгаж байгаа гэнэ.
-Хадгаламж банкны нягтлангаар ажиллаж байхдаа бусдын онц их хэмжээний мөнгийг завшиж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ангид ял эдлэж буй Ц.Чимидцэрэнгийн үлдсэн ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхын шатны шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эсэргүүцэл бичжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газар Ц.Чимидцэрэн нь улсад 14 тэрбум, 200 сая төгрөгийн хохирол учруулсан, уг хохирлоо төлөөгүй, ялтны үйлдсэн гэмт хэрэг нийгэмд учруулсан хор аюулд бодитой дүгнэлт хийлгүй дэглэм бууруулсан нь үндэслэлгүй гэж үзсэн байна.
-“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ. Түүнд “Зоос” болон “Анод” банкнаас 60 тэрбум төгрөгийн зээлийг залилан мэхлэж авсан, түүнийгээ хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Уг хэрэгт холбогдуулан Ц.Мянганбаярын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж дуусаад холбогдох прокурорын газарт шилжүүлжээ.
ХОТЫН АМЬДРАЛ: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид хуралдаж, хэд, хэдэн асуудал хэлэлцлээ. Үүнд, нийслэлийн 2010 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хөндөн ярилцсан байна. Улсын төсөв дээр төрийн албан хаагчийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх болсон учраас нийслэлийн төсөвт ч бас цалингийн зардлыг тусгах тухай энэ үеэр ярилцжээ.
ГАДААД ХАРИЛЦАА: БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён-баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ ирүүлсэн байна. Уг мэндчилгээнд “Монгол Улсын Ерөнхийлөгч танаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Танай Үндэсний баярын өдрийг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд халуун баяр хүргэхэд хамгаас таатай байна” гэжээ.
БОЛОВСРОЛ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор гадаадад сурч байгаа монгол мэргэжилтнүүдийн зуны лекц энэ сарын 23-ны өдрийн 8.30 цагаас “Кемпински” зочид буудлын Хурлын танхимд болох ажээ. Энэ үеэр эрдэм шинжилгээ, судалгаа болон технологийн чиглэлийн дагуу, мөн нийгмийн чиглэлээр дэлхийн хөгжингүй улс орнуудад сурч боловсорч байгаа эрдэмтэн судлаачид туршлага солилцон лекц унших юм байна.
ТЕХНОЛОГИ: Speedtest.net-ээс явуулсан хэдэн сая тестийн үр дүн дээр үндэслэн дэлхийн улс орнуудын интернэтийн үйлчилгээнд ашиглаж буй хурдын индексийг тодорхойлдог үзүүлэлт гарчээ. Үзүүлэлтэд Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн татаж авах хурдны /Download speed – 7,62Mbps/ үзүүлэлт нь энэ сарын 05-ны өдрийн байдлаар нийт 162 орноос 35-р байранд орсон нь Австрали, Грек, Польш, Испани зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас дээгүүр байгаа нь дурдагдсан байна.
СПОРТ: Энэтхэгийн Бангалор хотод Бизнесийн удирдлагаар чиглэлээр суралцаж буй Д.Золзаяа гэх Монгол бүсгүй Эверестэд авиралт хийгээд иржээ. Тэрбээр 5550 метр хүртэл аялсан бөгөөд авиралтдаа ес хоногийн хугацаа зарцуулсан нь хамгийн богино зайд 5550 метрт хүртсэн амжилтад тооцогдож байгаа ажээ.