-Украины Мария Музычук дэлхийн аваргын титмээ хадгалахын тулд БНХАУ-ын Хоу Ифаньтай ирэх арваннэгдүгээр сард тоглоно-
ОХУ-ын Сочид хотод явагдсан шатрын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Украины ОУМ Мария Музычук түрүүллээ. Тэрээр аваргын төлөө ОХУ-ын их мастер Наталья Погонинатай учраа таараад байсан бөгөөд 2,5-1,5 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожсон байна. Өдгөө дэлхийн чансааны 12-т бичигдэж буй М.Музычук энэ жил 23 настай бөгөөд дэлхийн аваргын титмээ хадгалахын тулд ирэх арваннэгдүгээр сард БНХАУ-ын их мастер Хоу Ифаньтай тоглох юм.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-д тив, бүсүүдээс шалгарсан 20 их мастер цолтон бүхий 64 шилдэг шатарчид олимпийн тоглолтын /хасагдах/ журмаар өрсөлдсөн билээ.
Тэмцээний шөвгийн наймд Украин, Энэтхэгээс тус бүр хоёр, БНХАУ, Гүрж, ОХУ, Швед улсаас тус бүр нэг шатарчин шалгараад байсан юм. Тодруулбал Украины Мария Музычук – Энэтхэгийн Хампи Конеру, Гүржийн Мери Арабизе – Энэтхэгийн Харика Дронавалли, ОХУ-ын Наталь Погонина – БНХАУ-ын Жао Сюэ, Шведийн Пиа Крамлинг – Украины Анна Музычук нар хоорондоо таарсан. Эндээс хагас шигшээд Энэтхэгийн их мастер Харика Дронавалли, Украины Мария Музычук, Шведийн Пиа Крамлинг болон ОХУ-ын Наталья Погонина нар шалгарсан юм. Улмаар Мария Музычук Энэтхэгийн их мастер Харика Дронаваллиг, Наталья Погонина Шведийн их мастер Пиа Крамлингийг хожиж, аваргын төлөө өрсөлдөх эрхийг авсан.
Ийнхүү тэмцээний зургаа дахь шат буюу түрүү байрын төлөө Украины Мария Музычук(2526), ОХУ-ын Наталья Погонина(2456) нар тоглох болсон. Тэд дөрвөн өрөг тоглож, 2.5-1.5-аар Украин бүсгүй хожиж, дэлхийн аварга цолыг хүртлээ.
Мария Музычук дэлхийн аварга цолыг хүртсэн Украины хоёр дахь эмэгтэй шатарчин болж байна. Түүнээс өмнө Анна Ушенина 2012 онд энэхүү цолыг хүртэж байжээ.
Ч.БОЛОР