Дэлхийн шилдэг №8 дугаарын эзэн хөлбөмбөгчид

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг №8 дугаарын эзэн хөлбөмбөгчид

ЖУНИНЬО ПЕРНАМБУКАНО

Чөлөөт цохилтын “мастер” Бразил хагас хамгаалагч Жуниньо бүх-цаг үеийн шилдэг №8 дугаарын эзэн юм. Карьертаа 5 багт тоглохдоо ердөө 2 удаа л №8-аас өөр дугаар зүүсэн байдаг. Лион клубт ирсэн эхний улиралдаа №12, Катарын Аль-Гарафа багт очсон эхний улиралдаа №5 дугаартай өмсгөл өмссөн бол бусад бүхий л клубын түвшинд зөвхөн №8 дугаартай тоглож байсан. Хэний ч мэдэхгүй даруухан амжилттай Лион клубын Францын лиг дэх 7 дараалсан түрүү, Европын аваргуудын лигийн байнгын “үйлчлүүлэгч” болсон зэрэг нь Бразил хагас хамгаалагч Жуниньогийн багт үзүүлсэн үүрэг оролцоотой холбоотой юм. Жуниньо Европ тивд ирэхээс өмнө нутгийнхаа Васка да Гама багт хүчин зүтгэж байхдаа Бразилын лигийн аваргаар 2 удаа шалгараад зогсохгүй тус багийн түүхэнд хүртсэн цорын ганц Либертадорес цомыг хүртэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг. Жуниньог чөлөөт цохилтын бүх-цаг үеийн шилдгээр нэрлэдэг нь учиртай. Тэр карьертаа 77 удаа чөлөөт цохилтоос гоол оруулсан ба Пеле, Роналдиньо болон Д.Бекхэм нарын урд орох үзүүлэлт ажээ. Жуниньо 1993 онд мэргэжлийн карьераа эхлүүлж 2013 онд төрөлх багаасаа зодог тайлсан.

ФРЭНК ЛАМПАРД

“супер Фрэнк” бол Челси клуб төдийгүй Европын шилдэг хагас хамгаалагч, №8 өмсгөлийн эзэн юм. Ф.Лампард хөлбөмбөгийн 18 жилийн замналдаа 4 клубт тоглохдоо №18 болон №8 дугаарын өмсгөл эзэмшиж байсан. Тэр дундаа өөрийн карьерын оргил үеэ өнгөрүүлсэн Челси клубт 13 улирал тоглохдоо №8 дугаарын өмсгөлтэй тоглосон. Английн Вест Хэм Юнайтед клубээс 1995 онд карьераа эхлүүлж байсан Ф.Лампард Челси клубт 2001-2014 оны хооронд хүчин зүтгэхдээ тус клубын бүх-цаг үеийн мэргэн бууч болсон. Мөн Челси клубын оргил амжилтын он жилүүдийн нэг хөдөлгөгч хүч нь болж байсан ба клубээ аваргуудын лигийн дэлдэн чихт цомд түрүүлэхэд багийнхаа талбайн төвийг бүрэн хариуцаж байсан шилдэг тоглогч юм. Клубынхээ хамтаар Европын дэвжээнд аваргуудын лигт 1, Европа цомд 1 түрүүлсэн бол дотоодын лигтээ 3, цомдоо 4, супер цомд 2 удаа түрүүлсэн. Харин хувиараа 2005 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний дэд байр, мөн ондоо Европын Баллон д’Ор шагналын дэд байранд нэрлэгдэж байсан. Өдгөө Фрэнк Английн Дерби Коунти клубын дасгалжуулагчаар ажиллаж байна.

ЖЕННАРО ИВАН ГАТТУЗО

Ф.Лампард Челси клубт, Жуниньо Лион клубын түүхэн дэх шинэ цагийн амжилтыг нь бүтээлцсэн шилдэг №8 өмсгөлтнүүд. Тэгвэл Ж.Гаттузо бол дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан цуут клуб дэх өөрийн байр сууриа баттай болгож чадсан тоглогч юм. “Зуудаг нохой” гэгддэг Ж.Гаттузо 1995 од Перужа клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж улмаар Шотландын Рейнжерс клубт 1999 он хүртэл тоглосон. Ингээд Салернитана клубт 1 улирлыг үдээд алдарт АС Милан клубтэй нэгдэж байсан. АС Милан клуб бол Ж.Гаттузог дэлхийн шилдэг хагас болох хүртэлээ дэвшсэн. Италийн АС Милан клубт 13 улирал тоглохдоо №8 дугаарын өмсгөл эзэмшин багийнхаа хамгаалагч нарт туслан тулгуурын хагас хамгаалалтын байрлал дээр тоглож байсан. Энэ хугацаанд лигтээ 2, цомд 1, супер цомдоо 2 удаа түрүүлсэн бол Европын аваргуудын лигт 2, супер цомд мөн 2 түрүүлээд ФИФА-н клубуудын ДАШТ-д нэг түрүүлсэн. Ж.Гаттузо дан ганц клубтээ №8 дугаарыг эзэмшээд байсангүй, шигшээ багтаа мөн эзэмшиж байсан. Шигшээ багийнхаа хамтаар 3 дэлхийн аваргад оролцохдоо гурвууланд нь №8 дугаартай өмсгөлтэй тоглосон. Өдгөө тэр өөрийг нь оргилд хөтөлсөн АС Милан клубтээ дасгалжуулагчаар ажиллаж байна.

ХРИСТО СТОИЧКОВ

Нидерландын хөлбөмбөгийн домогт тоглогч Й.Кройф Испаний Барселона клубыг 1990-ээд онд хүчирхэгжүүлж Испани болон Европын хүчирхэг баг болгосон. Й.Кройфын бий болгосон “мөрөөдлийн баг”-н гол төлөөлөгч бол Болгар улсын шигшээ баг болон Барселона клубын №8 өмсгөлийн эзэн Х.Стоичков юм. Болгар довтлогч Х.Стоичков хэд хэдэн багт тоглож байсан бөгөөд тэр дундаа Барселона клубт хамгийн өндөр амжилтаа үзүүлэхдээ №8 дугаартай өмсгөлтэй тоглодог байсан. Түүний тоглож байх үед Барселона клуб анх удаагаа Европын аваргуудын лигт түрүүлж, дотоодын лигтээ Реал Мадридын ноёрхлыг зогсоосон. Мөн шигшээ багийнхаа хамтаар 1994 оны ДАШТ-д 4-р байранд орсон. Энэ бол Болгарын шигшээ багийн ДАШТ-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Х.Стоичков хувиараа 1994 оны Баллон д’Ор шагналын эзэн болсон бол 1992, 1994 онуудад Дэлхийн шилдгийн дэд байранд нэрлэгдсэн байдаг.

СТИВЕН ЖЕРРАРД

Английн баруун хойд Мерсисайд нутгийн уугуул “капитан” С.Жеррард хүүхэд ахуй насандаа хожмын заналт өрсөлдөгч Манчестер Юнайтед клубын хүүхдийн багт шалгалт өгөхөөр бүртгүүлж байсан гэдэг. Гэхдээ тэр хожмоо төрөлх нутгийхаа Ливерпүүл клубын амьд бэлэг тэмдэг болон №8 дугаарын эзэн болсон юм. Стиви 7 настайдаа Ливерпүүл клубын хүүхдийн багтай нэгдснээс хойш 28 жил тус клубын төлөө хүчин зүтгэж дэлхийн шилдэг хагас хамгаалагч болсон байдаг. Хэдийгээр түүнд шигшээ багийнхаа хамтаар үзүүлсэн өндөр амжилт байхгүй ч, премьер лигийн цом байхгүй ч талбай дээр болон талбайн гадна жинхэнэ “капитан” ямар байх ёстойг биеэрээ үлгэрлэн харуулсан. Талбайн төвөөс бөмбөг авч хаалга руу хүчтэй цохилт гүйцэтгэх бол Стивигийн нэрийн хуудас юм. Анх багтаа №28 дугаарыг эзэмшиж байсан бол дараа нь №17, 2004 оноос №8 дугаарыг эзэмшиж байсан. Мөн тэрээр 2003 онд 23 насандаа клубынхаа ахлагчийн туузыг хүлээн авч 12 улирал энэ эрхэм хүндтэй үүргийг авч явсан байдаг. С.Жеррард гэдэг тоглогчийн тухай ярихад 2005 оны аваргуудын лигийн гайхалтай шигшээ тоглолт санаанд бууна. Энэ тоглолт бол хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх тоглолт болсон байдаг. Өдгөө С.Жеррард Шотландын Рейнжерс клубт дасгалжуулагчаар ажиллаж байна.

АНДРЕС ИНЬЕСТА

Шинэ мянганы хүчирхэг Барселона клубын амжилтыг Шави болон А.Иньеста наргүйгээр төсөөлөх аргагүй. Мөн Испаний шигшээ багийн “алтан” үеийг эдгээр тоглогчгүйгээр төсөөлөхгүй. Испаний Кастиль нутагт төрсөн ч Каталон үндэстний бахархал болсон Барселона клубын төлөө тоглож дэлхийн шилдэг тоглогч болсон А.Иньеста 1996 онд 12 настайдаа Барселона клубтэй нэгдсэн. Тэр цагаас хойш 2018 он хүртэл 22 жил хүчин зүтгэхдээ сүүлийн 16 жил нь үндсэн багийн төлөө хүчин зүтгэж клубын хамтаар хүртэж болох бүхий л цомыг хүртсэн. Клубтээ анх №34, дараа нь №24 дугаарыг эзэмшиж байсан А.Иньеста 2007 оноос Л.Жюлиг багаа орхиход клубынхээ №8 дугаарын өмсгөлийн эзэн болсон. Түүний тухай илүү олон зүйл бичих нь илүүц болов уу? Өдгөө тэр Японы лигт тоглож байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж