Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилсан нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдын Сагсан бөмбөгийн  лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч дарга Т.Баясах, Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консулын зөвлөх Р.Янжмаа, Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин ОУХ-ний мастер Б.Билгүүн,  Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Дашдорж нарын албаны хүмүүс оролцлоо.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Бид бүхний нөхөрсөг хамтрагч Польш улсын Плоцк хотын захирагч эрхэмсэг ноён Андрзеж Нобаковский болон тус хотын тамирчид, уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбооны хамт олонд  хувиасаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, дүүргийн баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.

Манай Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын хурд хүчтэй, авхаалж  самбаатай олон хүүхдүүд, тамирчид маань энэ л өдрийг хүлээж, ялагч болохыг хичээдэг болсон нь сэтгэлд дотно сайхан санагдаж байна.

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2014-2015 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн 03 дугаар сарын 14-нөөс 04 дүгээр сарын 25 – ныг хүртэл 2 сарын хугацаанд зохион байгуулагдаж,  дүүргийн 21 сургуулийн  42 багийн тамирчид оролцож байгаа.   

Хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон энэхүү тэмцээний хамгийн шилдэг тамирчидтай эрэгтэй, эмэгтэй баг Польшийн Плоцк хотод зочилж, нөхөрсөг тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн аварга тамирчдын хувьд аваргаа батлах, өнөө жил даагаа нэхэж өрсөлдөж байгаа баг тамирчдын хувьд аваргыг ялж аварга болох хариуцлагатай үе тун удахгүй болно. Тиймээс манай дүүргийн сургуулиудын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын хувьд энэ тэмцээний ялагч болж, Польш улсын Плоцк хотын тамирчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулах нь тамирчид, баг бүхний зорилго болж, эрч хүч,  авхаалж самбаагаа сорих гол тулгуур болж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж