Цэцэрлэг, сургуулийн тулгамдсан асуудалтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг, сургуулийн тулгамдсан асуудалтай танилцлаа

Л.Болд гишүүний тойргийн иргэдтэйгээ хийх уулзалт ХААИС-ийн байранд ням гарагт үргэлжилсэн. Уулзалтанд ирсэн иргэд 32-р сургуулийн асуудлыг яаралтай шийдвэрлүүл. Зайсангийн иргэд газраа өмчилж авмаар байна гэхчилэн лоозонгуудыг барьж хэлэлцэх асуудлаа ч хурц тодоор илэрхийлж байлаа. Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэдийн хувьд тусгай хамгаалттай бүсэд ажиллаж амьдардаг гэдгээрээ онцлогтой. Зайсангийн өвөр хормойд үеийн үед амьдарсаар ирсэн иргэд одоо газраа өмчилж авах гэхээр тусгай хамгаалттай бүсэд харьяалагддаг гэдэг утгаараа үргэлж хойш тавигддаг. 1995 оноос хойш эхэлсэн Зайсангийн газрын энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх тал дээр гишүүний зүгээс ямар алхам хийж байгаа талаар асуулга тавьж байлаа. Энгийн иргэд газраа өмчлөх авья гэхээр өгдөггүй хэрнээ аялал жуулчлал нэрэн дээр үнэтэй том хаусууд жилийн жилд баригдаж байгаа асуудлыг иргэд шүүмжилж байлаа. Зайсанд хагас зууны туршид амьдарсааар ирсэн энгийн иргэдийн 0.7 га газрыг нь булаацалдаж, хүч хэрэглэж, айлган, сүрдүүлсэн тохиолдол олноороо гарах болсныг уулзалтын үеэр хэлж ярьж байлаа. Газрын тухай хуулийг өргөн бариад хоёр жил болж байна. Уг хуулийг шийдвэрлэх явц удаан байгаа учраас газар өмчлүүлэх ажил удаашралтай байгаа. Уг хуулийг батлагдвал нийт иргэдэд газар өмчлүүлнэ” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд яриандаа онцоллоо. Энэ жил нийслэлийн бүх дүүргүүдээс Хан-Уулын иргэд цахим газрын бүртгэлд хамрагдаж 302 иргэн газраа өмчлөн авах эрхээ баталгаажуулсан таатай мэдээг УИХ-ын Лу.Болд гишүүн дурдаад энэ тоонд сэтгэл ханах бус цаашид дүүрэг, хорооныхоо нийт иргэдийнхээ газрын өмчлөлийн тоог нэмэгдүүлэх талаар анхааран ажиллахаа мэдэгдлээ. ХААИС дээр болсон уулзалтын гол асуудлын нэг нь үүдээ бариад байгаа 32-р сургуулийн асуудал байсан юм. Энэ жил 50-н жилийнхээ ойг угтаж байгаа 11-р хорооны нутаг дэвсгэр дээр байх цорын ганц улсын тодотголтой сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдэж өгч ашиглалтанд оруулж өгөхийг тус хорооны иргэд хүсч байлаа. Л.Болд гишүүн ХААИС дээр болсон уулзалтын дараа ХУД-ийн 11-р хорооны 32-р сургууль, 35-р цэцэрлэгийн бодит байдалтай танилцсан юм. МХЕГ-аас 2 жилийн өмнө 35-р цэцэрлэг, 32-р сургуулийн барилгыг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гарган хаалгажээ. Үүнээс хойш 11-р хорооны хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа явах боломжгүй болж зарим нь гэртээ сууж, нөгөө хэсэг нь шилжин суралцах болсон байна. 35-р цэцэрлэг үлдсэн цөөн хэдэн хүүхдээ дагуулан Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нарын байранд түр хичээллэх болсон байна. Улсаас шинэ цэцэрлэг барих газар олгохыг хүсэж хэдэн жил хөөцөлдсөний дүнд Хөдөө аж ахуйн их сургуулийн 2350 метр квадрат газраас хуваан олгожээ. Гэсэн ч одоогоор цэцэрлэг барих ажил эхлээгүй байна. Харин 32-р сургуулийн хувьд өргөтгөлийнхөө байранд 1-5- ангийн 350 хүүхэдтэй хичээллэж байна. Мөн л шинэ сургууль барих асуудалтай явсаар 2-3 жилийн нүүр үзжээ. Энэ бүхнээ УИХ-ын гишүүн Л.Болдод учирлаж тайлбарлалаа. Байр байлдалтай нь газар дээр нь очиж танилцсан Л.Болд гишүүн тойрогтой хийх ажлынхаа нэн тэргүүнд тавьж яаралтай шийдвэрлэж өгөхөө хэллээ.

 

Мөн тэрээр “ХУД-ын 11-р хороонд улсын гэсэн тодотголтой ганцхан ЕБС, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл хичээллэх байр нь хуучирч муудсан, хүүхдүүдийн сурч боловсрох орчин аюултай нөхцөлд хүрсэнээр хаалгаа барьсан. Энэ бүхнээс хүүхдүүд хохирч болохгүй, сурч боловсрох орчин нөхцлөөр нь хангах ёстой” юм гэв.

 

Харин сургууль, цэцэрлэгийн удирдлагууд энэ жилдээ багтаан газрын асуудлаа шийдвэрлэж шинэ байр барих боломж нөхцөл, хөрөнгө мөнгийг яаралтай гаргаж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн 32-р сургуулийн 230 хүүхэд 15-р сургууль руу шилжин суралцах болсон байна. Харин өргөтгөлийн байрандаа бага ангийн хүүхдүүдээ хүлээн авч боломжтэй бүхнээ ашиглан хичээллэж байна. Сургууль, цэцэрлэг үүдээ барьсанаас болж багш ажилчид ч ажилгүй болсон байна. Энэ мэтчилэн шалтгаанаар 11-р хороонд байрлах улсын гэсэн тодотголтой ганц сургууль, цэцэрлэг нь үүдээ барьж дундаж болон дундаас доогуур орлоготой өрхийн хүүхдүүд хохирч үлджээ. Харин дундаас дээгүүр орлоготой айлын хүүхдүүд хувийн төлбөртэй сургууль, цэцэрлэгт хамрагддаг байна. Энэ бүх асуудлыг Л.Болд гишүүн нүдээ харж чихээрээ сонсож байр байдалтай нь танилцаж нэн яаралтай шийдвэрлэхээр боллоо.

 

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж