&#34УИХ 14 хоногт багтаж хэлэлцэх ёстой&#34

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

&#34УИХ 14 хоногт багтаж хэлэлцэх ёстой&#34

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах, улмаар энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх, үүний дараа гэрээ байгуулах эрхийг олгох гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээллээ. Дараагаар нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийхдээ УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн. Засгийн газрын байр суурь ямар байна вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Энэ асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын дарга болон гишүүдээс энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хамгийн цаад хугацаа нь 14 хоногийн дотор хэлэлцүүлж өгөхөөр  нэгдсэн байр суурьт хүрлээ. Өнөөдөр Засийн газраар уг асуудлыг хэлэлцүүлсний дараа УИХ-д оруулна. Би олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэлдээ том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх болсноо мэдэгдсэн. Дахиж нийгэмд үл ойлголцол үүсгэхгүйн тулд энэ асуудлаа хэлэлцээд холбогдох шийдвэрийг гаргуулахаар болж байна.

-М.Энхсайхан сайд сая сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ-ын даргын хэлсэн үгэн дэх баримтууд нь  өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан хувилбар байсан” гэлээ. Гэрээ бол нууц байгаа гэсэн?

УИХ-ын дарга З.Энхболд:

-Нэгдүгээрт,  энэ гэрээ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан хувилбар. Өглөө 10.30 цагт Гадаад хэргийн яамнаас цаасаар болон цахимаар авсан. УИХ-ын вэб сайтад тавигдсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй. Тавантолгой бол нийт иргэд хувьцаатай онцлогтой компани. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хэлэлцэх гэж байгаагаа танилцуулах ёстой. Нууц биш, Засгийн газраас эхнээс нь гэрээг ил тод байлгахыг шаардсан.  Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрийг нийтэд ил тод гаргаж тавьж байна. Засгийн газрын оруулж ирсэн даруйд нь УИХ гэрээг яаралтай хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг нь  олгоно. 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж