Индонезийн зүүн нутгийн Папуа мужийн цагдаа байцаалт авахдаа могой ашиглаж, сэжигтнийг сүрдүүлсэндээ уучлалт гуйжээ. Харин цагдаагийн газраас байцаалт авсан ажилтанд өчигдөр /2019.02.11/ хавтаст хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна.
Индонезын цагдаа могой ашиглаж, сүрдүүлэн тамлах замаар байцаалт авч буй нэгэн бичлэг нэгдүгээр сарын 15-нд цацагдсан даруйдаа цахим орчинд ихээхэн шуугиан тарьж, дэлхий даяар алдартай болоод байсан юм. Бичлэг дээр тэрбээр гар утас хулгайлсан хэргээр баривчлагдаж ирсэн хүнээс байцаалт авч байсан бөгөөд гарыг нь хүлж, хүзүүн дээр нь гурван метр орчим урттай могой тавьж сүрдүүлэх үед сэжигтэн хэргээ хүлээж байгаа нь харагдана. “Чи хэдэн удаа гар утас хулгайлсан бэ?” гэж цагдааг асуухад хэрэгтэн “Хоёр удаа” гэж хариулах аж.
Цагдаа могойны толгойг гартаа барьж, хэрэгтний нүүр, өмд рүү нь ойртуулах үед айснаасаа болж чангаар орилж байгаа нь бичлэгт үлджээ. Үүнийг хүний эрхийн идэвхтнүүд эсэргүүцэн, буруушааж байгаа юм.
Бичлэг газар авсны дараа Индонезын цагдаагийн газрынхан маш их шүүмжлэлд өртсөн учраас хэвлэлийн бага хурал хийж, могой ашиглан байцаалт авах аргыг дахин хэрэглэхгүй байхаа амлан, уучлалт гуйсан аж. Түүнчлэн тус могойг цагдаагийн хэлтэс дээр байнга байлгадаг боловч хоргүй гэдгийг нь энэ үеэр хэлсэн байна. Индонезийн цагдаа болон цэргийнхэн гэмт хэрэгтнүүдтэй ажиллахдаа могойг байнга ашигладаг тухай Папуа мужийн хүмүүс нотолдог.
Өнгөрсөн сард ч бас Индонезид нэгэн цагдаа папуа үндэстэн хүнээс байцаалт авахдаа зодож, өшиглөж, нүүрийг нь могой руу ойртуулж тамлах замаар мотоцикл хулгайлсан хэрэг хүлээлгэсэн нь илэрсэн.
Индонезийн Папуа муж нь Папуа Шинэ Гвинейтэй хиллэдэг бөгөөд салан тусгаарлагчдын хөдөлгөөнөөс болоод үймээн самуун ихтэй байдаг газар юм. Бичлэг дээр байгаа хэрэгтэн нь уугуул папуа үндэсний хүн бөгөөд хүний эрхийн идэвхтнүүд энэхүү тамлан зовоосон байцаалтын ард ялгаварлан гадуурхах үзэл байгаа гэдгийг хэлж байна. Учир нь индонезчууд папуа хүмүүсийг хавчин гадуурхах явдал түгээмэл байдаг.
Папуа муж нь 1969 оноос хойш Индонезын засаг захиргааны автономит хэлбэрээр оршин тогтнож ирсэн. Харин тэндхийн уугуул иргэд нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтаас үүдэн тусгаар тогтнохын төлөө маш их тэмцэл хөдөлгөөн өрнүүлдэг байна.
Эх сурвалж: telegraph.co.uk
Холбоотой мэдээ