"59 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг, 63 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан" | News.MN

"59 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг, 63 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан"

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

"59 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг, 63 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан"

"59 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг, 63 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан"

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа өнөөдөр /2018.02.12/ сэтгүүлчдэд танилцууллаа.

УИХ-д 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 23 мянга 774 иргэнээс 8076 хуудас бүхий 1715 өргөдөл ирснээс нийслэлийн иргэдээс 70 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 30 хувь нь ирүүлжээ.

Харин Өргөдлийн байнгын хороонд хандсан  8800 гаруй иргэний өргөдлийг багцлан хоёр удаа тухайн газар дээр нь очиж ажилласан бол мөн хоёр удаа иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд дөрвөн удаа хуралдаж, зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Байнгын хорооны хоёр тогтоол, хоёр зөвлөмж гаргаж иргэдийн өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга,  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  34, 35 дугаар байр, Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны Цагаан байрын оршин суугчдаас  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг биелүүлэх талаар  ирүүлсэн иргэдийн өргөдлийг хэлэлцээд Байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай 07 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд дээрх ашиглалтын шаардлага хангахгүй байранд оршин суугаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байруудыг шинэчлэн барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэлээ.

Түүнчлэн 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдсэн гүйцэтгэлийн аудитын тайланг  Үндэсний аудитын газраас ирүүлэхийг  хүсчээ.   Үүний хүрээнд Үндэсний аудитын газар "Цэвэр агаар сан"-д  аудит хийж, гүйцэтгэлийн тайлангаа тус  байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан.

Агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрчээ. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогдож, Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна гэдгийг Ерөнхий хяналтын сонсголын үеэр  Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ онцолсон.

Мөн Өргөдлийн байнгын хороонд орон нутгийн иргэд болон төрийн бус байгууллагаас  ирүүлсэн өргөдлийн дотор  зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, түүнчлэн түүхийн дурсгалт, соёлын өвөөр бүртгэгдсэн газартай давхцуулан олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн өргөдөл ихээр иржээ. Энэ дагуу Тусгай хамгаалалттай нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар холбогдох яамны сайдын мэдээллийг байнгын хорооны  хуралдаанаараа сонсож өргөдөлд дурдсан асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох сайдад даалгажээ.

Тухайлбал,  Дорноговь аймгийн Гүн гашууны хоолой, Хэнтий аймгийн Дэлгэрхаан уулыг тус тус байгалийн нөөц газрын ангиллаар , Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаас гадна Дорноговь аймгийн Хөвсгөл сум дахь түүхийн дурсгалт, соёлын өвөөр бүртгэгдсэн  “Сүлдэн хөх овоо” гэх газартай давхцуулсан олгосон Модот нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байна.

Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Засгийн газраас тогтоол гарч 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа ,үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар  ашиглах, импортлохыг ирэх сараас хориглохоор болжээ.

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд өргөдлийн байнгын хорооны гишүүд  ТОСК-ийн төслөөр шинээр баригдаж буй орон сууцны барилгын ажлын явц, үр дүнтэй газар дээр нь  очиж танилцаж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байна.  Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт  хамрагдах журмын босго өндөр, сонгон шалгаруулалт, зорилт бүлэгтээ хүрдэггүй, ил тод бус, хүнд суртал ихтэй байна гэсэн өргөдөл гомдол ирүүлсний дагуу тус байнгын хороо ажлыг хэсэг байгуулан ажиллажээ.    Улмаар "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт  зорилтот бүлгийн иргэдийг хамруулах, бүртгэлийг цахимжуулах  зэрэг үүрэг чиглэлийг холбогдох газруудад нь өгсөн гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцоллоо.

Түүнчлэн голын бургас модыг сүйтгэх, уул нураах зэрэг байгаль орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа 59 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалжээ. Мөн Улаанбаатар хотын ундны усны давхцалтай болон байгаль орчныг нөхөн сэргээн үүргээ биелүүлээгүй 63 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж