Таван бул нь тачигнаж, дугуй нь хээгүй болтлоо нимгэрсэн автомашинтай байж, хөдөө явж, золголт хийхийн дон шүглэсэн монголчууд олон боллоо. Товчхондоо дугуй нь л өнхөрч байвал автомашин нь аюулгүй байдал хангаж чадах эсэхийг тоодоггүй гэж хэлж болно. Анхааруулж хэлээд ч үг авдаггүй. Гэтэл замд гарсан хойно автомашин нь эвдэрнэ. Нялх нялзрай хүүхдүүд нь даарч бээрэн уйлалдахад дотор нь нэг юм бодогддог уу, үгүй юу бүү мэд. Автомашин нь эвдрээд зогссон бол бас ч гэж нэг аюул холуур өнгөрсөн хэрэг, амь насаа алдвал яах вэ?.
Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр жилд 500-600 хүн автомашины ослоор амиа алдаж байна. Зөвхөн сар шинийн өдрүүдэд буюу өнгөрсөн долоо хоногт 13 хүн автомашины ослоор амь насаа алдсан бол 60 хүн бэртэж гэмтжээ. Эдгээр статистик мэдээлэл нь Монгол Улс тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахад төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж буй болов уу.
Авто ослын шалтгаан нөхцөлийг судлахад бүрэн бус техникээр зорчсон, хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс зүүлгүй хөдөлгөөнд оролцсон зэргээс үүдэлтэй байна.
Харин улсын хэмжээнд байгаа 900 мянга орчим тээврийн хэрэгслийн 81 хувийг 10-ээс дээш жилийн насжилттай автомашин эзэлдэг бол осолдсон тээврийн хэрэгслийн 72 хувь нь буруу талдаа хүрдтэй автомашин эзэлжээ. Улс орнууд 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, эсвэл өндөр татвар ногдуулах зэргээр хүн ам, байгаль экологийн аюулгүй байдлыг хангадаг бол Монголд энэ чиглэлийн бодлого алга. Гадаад орнуудад актлагдсан автомашин нь Монголд импортоор орж ирээд хүн амынх нь хөл дүүжлэх унаа болж, хогийн цэгийг нь ч давхар цэвэрлэж өгч байна.
Гаалийн мэдээгээр жилд 60 мянга орчим автомашин импортоор орж ирдгийн 70 гаруй хувийг буруу талдаа хүрдтэй машин эзэлж буй юм. Буруу талдаа хүрдтэй автомашин олноор импортлогддог нь борлуулалт сайн. Нэг үгээр хэлбэл, үнэ хямд тул борлуулахад асуудалгүй, ченжүүдийн мөнгийг түгжихгүй, төр ч бас татвараар овоо хэдэн төгрөг халаасалдаг. Гэтэл нөгөө талд нь хуучин машинаас болж, хүний амь хэдэн зуугаараа хохирч, хэдэн зуугаараа тахир дутуу болж, иргэн нь хохирсоор.
Одоо төр татварын орлогоо бодохоос илүүтэй хүн амынхаа аюулгүй байдалд анхаарч, хуучин машины импортод хориг тавих цаг болсон юм биш үү. Хэдий болтол хүн амынх нь дийлэнх хувийн амьдрал сайнгүй нэрийн дор иргэдийнхээ амь насыг үнэ хямд автомашинд даатгаж, амийг нь золих вэ?.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан микроавтобусыг насжилтаар нь ангилж, аюулгүй байдал хангахгүй болсныг нь хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. Үүний нэгэн адил хуучин автомашинуудыг ч насжилтаар нь ангилж, хөдөлгөөнд оролцох боломжтой эсэхийг нь зааглаж өгөх шаардлагатай байна.
Нэг үеэ бодвол нийтийн тээвэр хөгжиж байна. Хөдөө орон нутгийг зоръё гэхэд цэвэр цэмцгэр, аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгсэл хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг болсон. Иргэд ч бүрэн бус тээврийн хэрэгсэлд өөрийгөө төдийгүй гэр бүлээ даатгаж, амь насаа эрсдэлд оруулж байснаас аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчдог болчихвол гэнэтийн энэ их золгүй ослуудыг бууруулах боломжтой. Иймээс хуучин автомашины импортыг хориглоё.
Дээр нь жолооч бэлтгэдэг сургалтын төвүүдэд тавигдах шаардлагыг ч өндөрсгөх цаг нь болжээ. Барилдахаасаа таахалзах нь гэдэг шиг дугуйгаа ч нөхөж чадахгүй хүмүүс жолооч болчихсон, "нисээд" өгнө гээд л томорцгоох.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ