Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг.
Тухайлбал, автомашины дугаар 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар, 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус албан татвараа төлөх юм.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайт болон аппликейшнаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой гэнэ. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.
Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ