М.Энхсайхан: З.Энхболд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: З.Энхболд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

Хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээг зурахад оролцсон сайдуудыг огцруулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэл гаргаад байна. Тэрбээр мэдэгдэлдээ

“Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэг УИХ-ын чуулганы “битүүний шөнө” ард түмэндээ хандаж, томоохон төслүүд, түүний дотор  6 жил ярьж байгаа Тавантолгой төсөл гацаанаас гарч, хэлэлцээ амжилттай өндөрлөж байгаа тухай, асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэх гэж байгаа тухай мэдээг дуулгасан билээ.

Харамсалтай нь чуулганы “шинийн нэгний өглөө” УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.  Тухайлбал, “ нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах “ гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж  Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй.

Тавантолгой төслийн хэлэлцээний явцыг Ажлын хэсэг, УИХ болон олон түмэнд тухай бүр танилцуулж ирсэн бөгөөд Консорциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай билээ. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар “гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих” болно гэж З. Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгуууллагуудын харилцааг эвдсэн Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Ингэхдээ аль 2 дугаар сард ажлын журмаар хэлэлцэж байсан гэрээний төслийг ил болгосон нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай нь зөрчилдүүлэх зохисгүй алхам болсон байж магадгүй байна.

Иргэдийн 1072 хувьцаа нь зөвхөн УИХ-аар шийдэгдэх, манай дотоод асуудал. Уг асуудлаар  “тохиролцоо хийгдээгүй” гэж буруутгаж байгаа нь УИХ-аас урд өмнө гаргасан шийдвэрийн талаар З.Энхболдыг түүний ажлын алба буруу мэдээллээр хангадаг сэтгэгдэл төрүүлж байна.

Төмөр замд Засгийн газраас оруулсан хөрөнгийг “ МТЗ ХК-ын зардлыг шалгасны дараа төлөх” гэдгийг хүлээж авахгүй гэж байгаа нь олон улсын бизнесийн стандартад нийцэхгүй бөгөөд хэрвээ буруу ашиглагдсан хөрөнгө мөнгө илэрвэл түүнийг Хөрөнгө оруулагч хариуцах тулгалт хийх нь авилгалтай тэмцэх болон шударга ёсонд үл нийцнэ. Өөр бусад тавьсан асуудлууд нь гэрээг буруу ойлгосон З.Энхболдын зөвлөхийн албатуудын чадамжтай холбоотой гэж бодож байна.

Хөрөнгө оруулагчтай гэрээг байгуулах хууль эрх зүй Засгийн газарт хүрэлцээтэй. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар асуудлаа хэлэлцэнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна”  гэсэн байна.

Тэрбээр Тавантолгойн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэгт мэдээлэл хийсэн юм.

Б.ХОНГОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж