Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа

Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг 76:1 буланг хүргэдэг билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Ундармааг танилцуулж байна.


Энэ удаагийн парламентын гишүүдийн олонх нь анх удаа сонгогдсон шинэ гишүүд. Б.Ундармаагийн хувьд ч гэсэн шинэ, анх удаа сонгогдсон гишүүн юм. Эдийн засгийн ухааны доктор, профессор мэргэжилтэй түүнийг улс төрийн хүрээнд гэхээс илүү бизнесийн хүрээнийхэн “Бишрэлт” группийг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ. Зах зээлийн шуурганы үеэр буюу 1994 оноос бизнесийн салбарт хөл тавьж,  “Бишрэлт Холдинг” группийг 2000 он хүртэл удирдаж явсан тэрбээр энэ үеэс улс төрд хөл тавьсан. МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж эхэлснээр улс төрд “шургалсан” нэгэн. Бизнесменүүд намд албан тушаал хашиж, үйл ажиллагаанд оролцдог зарчмаар улс төрд орж иржээ.  Гэхдээ тэрбээр намын арын аппаратад чимээгүй ажилладаг байсан учраас “Бишрэлт” группийн эзэн байсан гэсэн ойлголт л олон нийтийн дунд байдаг.

Гэвч тэрбээр 2000 оноос намтай холбогдож, НИТХ-ын төлөөлөгч, бүр Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдын албыг хүртэл хашиж байжээ. 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж гарч ирсэн.  Э.Бат-Үүл баатрын хэлсэнчлэн МАН-ын бор халзан хонь байсан ч сонгогдохоор байсан 2016 оны сонгуульд тэрбээр гарч ирж чадсан. Бизнесийн салбар болон намын арын албанд чимээгүй ажиллаж байсан Б.Ундармаа гишүүний хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш олны анхааралд өртөх болсон.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурав дахь жилээ угтаж байгаа ч өнөөдөр түүнд санаачилсан хууль, өөрийн гэсэн тодотголтой зүйлгүй сууна. Харин ЖДҮХС-аас давуу эрх, мэдээлэлд ойр байдлаа ашиглан зээл авсан асуудал нь түүнийг гишүүн байх эрхээс нь хүртэл түдгэлзүүлэх шахсан. Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр орж ирсэн. Гэвч МАН-ынхан ЖДҮХС-тай холбогдсон гишүүдээ авч үлдэх тохироотой байсан учраас Б.Ундармаа үлдэж чадсан. Гэхдээ тэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн бусад гишүүд шигээ өөрийгөө буруугүй гэж мэлзээгүй ч ямар ч шийдвэр гарсан хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан нь улстөрчдөд тэр бүр байгаад байдаггүй шударга байсныг нь хэлэх хүмүүс цөөнгүй байсан юм. ЖДҮХС-аас зээл авсан асуудалд өөрөө холбоогүй, компанийнх нь залуус холбогдсон гэдэг тайлбарыг өгдөг ч прокурорын зүгээс Б.Ундармааг нөлөөлсөн гэх үндэслэлтэй гэдгээ тодотгосон. Асуудал иймдээ тулсны дараа тэрбээр зээлээ хүүтэй нь төлсөн. Гэхдээ анхнаасаа авахгүй байх боломж ч бас түүнд байсан. Ялангуяа ард түмнээс итгэл хүлээж, анх удаа сонгогдсон гишүүн ийм асуудалд холбогдож, бүр бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд хүрнэ гэдэг улстөрчийн хувьд зохимжгүй үйлдэл юм.

Тав дахь удаагийн чуулганаа өндөрлүүлсэн ч өнөөдөр Б.Ундармаа гишүүнд нааж, зүүгээд хэлчих тодотгол алга. Дөрвөн жил сонгогдоод ганц хууль санаачилдаггүй, чуулганы хуралдаанд ч үг хэлдэггүй, “хэлгүй” гишүүд олон бий. Тэдний нэг болохгүйн тулд үлдэж байгаа жил гаруй хугацаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа гэсэн тодотголтой зүйл үлдээхгүй л  бол “хэлгүй” байсаар бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлэх вий дээ, эрхэм гишүүн. Ядаж л намтартаа тодотгосон эдийн засгийн ухааны магистр, доктор, профессор  мэргэжлээ ашиглах боломж бий гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

 

 

НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль
  • 1988 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын дээд сургууль Инженер-эдийн засагч
  • 2000 онд Монгол Улсын Их сургууль Эдийн засгийн ухааны магистр
  • 2008 онд Профессор
  • 2008 онд Ph. Доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1988-1990 онд Удирдлагын хөгжлийн институтийн АСУ-гийн төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1990-1994 онд ШУДБУХ-ны дэргэдэх Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-2011 онд “Бишрэлт Холдинг” компанийн үүсгэн байгуулагч
  • 2000-2010 онд МАСЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч
  • 2004-2008 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2004-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хороон дарга
  • 2010 онд НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч
  • 2011-2012 онд БСШУ-ны Дэд сайд
  • 2012-2016 онд “Бишрэлт Холдинг” компанийн үүсгэн байгуулагч
  • 2013 онд НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч
  • 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2003 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
  • 2004 онд Алтангадас одон
  • 2005 онд Банк, Санхүүгийн “Тэргүүний ажилтан”
  • 2006 онд МҮХАҮТ-ын "Хийморь" одон
  • 2006 онд БНБУ-ын Төрийн хүндэт медаль
  • 2011 онд “Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан” цол, тэмдэг
  • 2013 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/-наас “Тhe Outstanding Achievement in Entrepreneurship” буюу “Хувийн хэвшлийн гавъяат алдартан” шагнал
  • 2014 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж