Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Бөхийн тэнгэр

-Монгол Улсын Ардын багш, улсын арслан Л.Сосорбарамын тухай бэсрэгхэн өгүүлэх ину-

Төв Халхын намхан уул толгод тэр дунд бараа бараагаа харсан Цахир болон Баянбараатын уулс ар талдаа цэлийх зурхайчийн хөндийгөөс сүр сүлдээ тольдох мэт харагддаг. Уужимхан энэ нутагт очиж зээрийн сүрэг хуйлран давхихыг дагуулан харахуйд эгшигт хайрцагны пянз эргэх шиг цэнхэртэх ажээ. Бөхийн тэнгэртэй нэгэн Лувсанчимэдийн Сосорбарамын сэтгэл зүрний тольтод энэ л нутаг дандаа уяатай явдгийм.

Үүнийг би өөрийн биеэр мэдсэн юм. Яаж гэл дээ. Тэр жил Л.Сосорбарам арслантай нэг удаа аян замын дөрөө нийлж явахдаа Довын хөндийг туулан баруутнаа хярын ард бууж үдэллээ. Тэгэхэд арслан маань “Миний хүй цөглөсөн газар энэ дээ” гээд ханхар чээжээ дүүртэл амьсгал авахыг нь харсан юм.

1937 оны гол үхэр жилийн хавар юм гэнэлээ. Төв аймгийн Баянбараат сумын нутаг Ар тэрэгний хөх овоо гэдэг газар өндөр Лувсанчимэдийнд нэгэн цовоо дуутай, өсгөлөн хүү төрсөн нь Л.Сосорбарам байж л дээ. Тэр газар нь бид үдэлж таарсан юм. Түүний бага нас хөдөөний хүүхдийн адил малын захад өсч, үеийнхэнтэйгээ сав л хийвэл ноцолдож шуугиж торнисон байна. Бие хаа өсгөлүүн, өөрөө бөх болох мөрөөдөлтэй хүү дунд сургуульд байхаасаа барилдаж эхэлсэн гэдэг. Бөх болох замаа эрт сонгосон гэсэн үг. Наймдугаар ангид байхдаа Баянбараат сумынхаа наадамд зодоглож цэргийн заан Юндэн гэгчтэй тун удаан барилдаад унасан ч ер нь барилдаж болох юм байна гэдгээ мэдэрч.

Тэгээд хоёр жилийн дараа аравдугаар ангийн сурагч дахиад сумандаа зодоглохдоо хэнийг хэн гэлгүй давсаар үзүүр түрүүнд улсын арслан С.Оргодолтой үлдэж. Айж тэвдсэн ч үгүй. Арсланг амархаан өвдөглүүлчихэж. Эндээс л энэ Лувсанчимэдийн хүү бөх болжээ гэж нутгийнхан нь шагшин ярьж эхлэв. Тэр жилээ Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэв. Нэгдүгээр курсын оюутан зун нь Улсын баяр наадамд анх зодоглоод зургаа давж 22 настайдаа улсын начин болдог юм. Ингэж хар багаасаа харж атаархаж явсан бөхчүүдтэйгээ танилцаж. Өөрөө ч том бөх боллоо гэж санан заал, танхимын барилдаан алгасахгүй зодоглох болж олонд бүр танигдав. Энэ үед Монгол бөхийн цаг хугцааааг эзэгнэсэн алтан үеийн бөхчүүдийн дундаас тодорч гарна, цол хүртэнэ гэдэг амаргүй л байж.

Дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, аварга Ч.Бээжин, С.Цэрэн, улсын арслан “тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамъяндорж, Г.Дэмүүл, У.Мижиддорж, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Чойжилсүрэн, Ж.Хайдав, улсын заан Ц.Санжаа, тэдний хойч хоёр Мөнх гарч ирсэн гээд нэгэн үеийн домог болсон бөхчүүд нээрээ л одоогийнхны нэрлэдгээр “алтан үе”-ийнхэн байж. Тэр дунд Л.Сосорбарам гайхалтай хурдан орж ирсэн байгаа юм. Төв аймгийн Баянбараат сумын харьяат, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн бөх гэж олон ч жил цоллуулав даа. Тун удалгүй хэнтэй ч өгөө аваатай л барилддаг болсон байна. Тэр дотор Халхын их аварга Б.Түвдэндоржтой хоёр удаа барилдах хувь тохиож. 1958 онд Спортын төв ордны нээлтийн барилдаан болоход Түвдэн аварга магнайлан босч. Тэр их шөвөгт Л.Сосорбарамыг амлаж. Хав барьж барилдвал аварга хэцүүг мэдэх учир сэрвүүхэн үзээд л Л.Сосорбарам давчихсан байна.

Дараа нь Ховд хотын ойд очоод мөн л Түвдэндорж аваргатай үзүүр, түрүүнд үлдэж Л.Сособарам хэлжээ “Аварга та түрүүлэх үү дээ” гэхэд “Үгүй үгүй, хоёулаа сайхан л барилдчихъя” гэж. Ингээд л барилдаж аваргыг хоёр дахиа давж л дээ. Энэ наадмаар Х.Баянмөнх тав давж аймгийн начин болж байсан түүх бий гэдэг юм.

Улсын арслан У.Мижиддорж гуайн хэлснээр жараад оны наадмын бөхийн барилдаан гэдэг гар халж, зүрх үхмээр болдог байлаа гэж. Аргагүй л дээ. Дамдин гарлаа, давлаа гэж, хазахаас бусдыг хийдэг аварга Ч.Бээжин, хав дөрвөлжлөхөөр хэнийг ч бариад л тавьдаг байсан С.Цэрэн гээд л айхтар “амьтад” байж дээ гэж. Тэдэнтэй үздэг байсан Л.Сосорбарам сүүлдээ Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нартай л тулдаг болов. 1958 онд Монголын бүх ард түмний спартикиадын барилдаанд үзүүрлэхдээ начин Л.Сосорбарам улсын заан цол хүртсэн бол 1962 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд Ж.Мөнхбатыг хаяж, дараа нь 1967 онд уналгүй түрүүлж улсын арслан болсон юм билээ.  Түүнээс хойш Мөөеө, Баянаа нар ч Л.Сосорбарамаас жаахан жийрхдэг, аварга болсон хойноо ч амладаггүй байсан гэдэг.

Хоёр гарын шуу, чээжний бяртай бөх хэн бэ гэвэл үеийн бөхчүүд нь Л.Сосорбарамыг түвдэлгүй нэрлэдэг. Дархан мэх нь эгэм тахим, хайч мэх. Харин хөл мэх хийдэггүй байж. Энэ тухайгаа өөрөө ярихдаа хөл мэх хийдэггүй хүн гуталд гамтай байдаг юм шүү дээ гэж байсан юм. Улсын наадам болон бүх ард түмний наадам зэрэг барилдаанд 16 удаа шөвгөрсөн гэдэг бас л ховорхон амжилт даа. Л.Сосорбарам гуай алтан үеийн бөхчүүдийнхээ тухай ярихдаа:

-Мөн ч бэрх “амьтад” байсан юм шүү дээ. Тэдний тухайд арав, хорин жил барилдлаа гэх хүн цөөн шүү дээ. 30, 40 жил л гэх. Би гэхэд бараг тавин жил барилдсан гэж хэлсэн.

Зөвхөн барилдаад л байгаагүй олон арван жил багшилж хэдэн мянган шавьтай болсон хүн. Тэрнийг нь төр засаг үнэлж Монгол Улсын гавьяат багш цол эрт хүртээсэн бол саяхан “Ардын багш” хэмээх өндөр цолны эзэн болов. Тийм ээ. Монгол бөхийн тэнгэр-босоо цагаан хийморь ийм хүндэтгэлд хүргэсэн юм билээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж