“АПУ” Хувьцаат компани хувь нийлүүлэгчиддээ 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“АПУ” Хувьцаат компани хувь нийлүүлэгчиддээ 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээлээ

Үндэсний манлай үйлдвэрлэгч “АПУ” Хувьцаат компани  Монголын хүнс
үйлдвэрлэлийн салбарт 86 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Өнгөрсөн
онд  60 нэр төрлийн 45.5 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд улсын
төсөвт 44 тэрбум төгрөгийн татвар төлж “Манлай татвар төлөгч”
байгууллагаар шалгарч улсын төсвийг бүрдүүлэгч байгууллагуудыг жил
дараалан тэргүүлсээр байна.

Өнгөрсөн 2009 онд “АПУ” компанийн 85 жилийн ой тохиосон
бөгөөд  ойн жилээ “Дээжис” архины цуглуулга, “Fusion” шар айраг, Цэвэр
сүү, “Фрутта” жүүсийг зах зээлд  нийлүүлж, хэрэглэгчиддээ бэлэг барьсан
юм. Эдийн засгийн хямралын үед том зорилт тавьж, түүнээсээ ч том
амжилтад хүрнэ гэдэг хялбар биш. Харин үндэсний манлай үйлдвэрлэгч “АПУ”
ХК  дэлхийн жишигт хүрсэн техник технологийн  шинэчлэлт
хийх,үйдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх,бүтээгдэхүүн хөгжүүлэлт,
нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй нүсэр ажлуудын
зэрэгцээ  хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цэвэр
ашгийн хэмжээгээ ч нэмэгдүүлжээ.

“АПУ” Хувьцаат
компани өнгөрөгч баасан гарагт хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, хувь
нийлүүлэгчиддээ 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсноо
дуулгасан юм. “АПУ” ХК 3500 орчим хувьцаа эзэмшигчтэй. Сүүлийн таван жил
хувь нийлүүлэгчиддээ ногдол ашиг хуваарилж буй агаад хямрал нүүрлэлээ
гээд энэ арга хэмжээ тасалдсангүй. Үүнд тус компанийн хувьцаа эзэмшигчид
сэтгэл дүүрэн байсан төдийгүй “АПУ” ХК-ийн ТУЗ-ын дарга П.Батсайхан
“Хувьцаат компани нийгмийнхээ өмнө, хувь нийлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн
үүргээ шударгаар биелүүлсэн гэж дүгнэж байна” хэмээсэн.

 Харин 2010 оны хувьд “АПУ” ХК  шингэн хүнсний 
үйлдвэрлэлийг 2009 оны гүйцэтгэлээс өсгөх,  цэвэр ашгийг тодорхой хувиар
нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Мөн архи, шар айрагны үйлдвэрийн
өргөтгөлийн төслүүдийг дуусгаж, үйлдвэрүүдийн хүчин чадлыг 70-100 хувь
ашиглахаар төлөвлөсөн байна. Эдгээрээс онцгойлон нэг зүйл дуулгахад,
”АПУ” компани 2010 онд 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, техник,
технологио шинэчлэхээр болжээ. Ер нь  тус компани хүнс үйлдвэрлэлийн
хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт техник, технологиор үйлдвэрүүдээ
тоноглож, бүтээгдэхүүнийхээ чанар, баталгааг байнга дээшлүүлдгээрээ
бусад үйдвэрлэгчдээсээ ялгардаг бөгөөд энэ онд хийх техник, технологийн
шинэчлэлээ  дэлхийд алдартай Германы  тоног төхөөрөмжүүдээр хийх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж