Сар шинийн барилдааны өмнө буюу нэгдүгээр сарын 13-д болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны үеэр улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржийг давсан барилдаан багагүй шүүмжлэлд өртсөн билээ. Барилдааны дараа олон нийтийн сүлжээнд шүүмжлэл түгсэн ч “Зөөлөн хаяад байвал хүн хөгжихгүй. Чанга унахгүйн төлөө мэдээж тэмцдэг болно” гэж аварга тайлбар өгч намжсан. Тэгвэл хоёр бөх Битүүний өдрийн барилдааны дөрвийн даваанд дахин таарлаа. Оноолтоор дахин таарсан аварга, аймгийн арслангийн хувьд анхаарал татсан барилдаан болов. Багагүй шүүмжлэлд өртсөн Н.Батсуурь аварга энэ удаа Б.Лхагвадоржийг шуудагны лав барьцнаас түлхэн хашлагны өмнө давсан. Барилдааны дараа бичлэгийг “Буянт-Ухаа” ордонд байрлуулсан том дэлгэцээр үзэж, хөлийн цэц Н.Батсуурь аваргыг давсанд тооцсон юм.
Н.Батсуурь аварга долоогийн даваанд түрүү бөх улсын арслан Р.Пүрэвдагвад унасан. Харин аймгийн арслан Б.Лхагвадорж нэгийн даваанд аймгийн арслан Д.Ариунмөрөнг, хоёрын даваанд улсын начин С.Батсуурийг, гурвын даваанд улсын начин Б.Амарзаяаг давж, дөрвийн даваанд Н.Батсуурь аваргатай оноолт таарчээ.
Өсвөрийн үеийн барилдаанаас эхлэн өөрийгөө харуулж ирсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Лхагвадорж 2015 онд 17 насандаа нутгийнхаа баяр наадамд хүч үзэж аймгийн арслан цолыг хүртсэн. Тухайн жилдээ Өмнөговь аймагт болсон өсвөрийн УАШТ-ий 17 насанд түрүүлж улсын хошой аварга болж байсан юм.
Сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж байгаа аймгийн арслан Б.Лхагвадорж энэ жилийн сар шинийн барилдаанд гурав давсан ч шагнал хур ихтэй байв. Түүнд Монгол Улсын Гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат өөрийн нэрэмжит шагнал болох “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан юм. Уг шагналыг 2007 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд аварга Ч.Санжаадамба, арслан Н.Батсуурь, Ц.Содномдорж, харцага Ө.Даваабаатар, Т.Баасанхүү, начин Б.Ганзориг нарын бөхчүүд хүртжээ. Тэгвэл 2019 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Макс” группийн бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж дээрх шагналын эзэн болсон.
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны онцлох барилдаан болох аварга Н.Батсуурь, аймгийн арслан Б.Лхагвадорж нарын барилдааны фото агшныг хүргэж байна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ