Ш.Гүрбазар: Адгаад яах билээ болох л хойно

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Ш.Гүрбазар: Адгаад яах билээ болох л хойно

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар болон “Төлөвлөгөөний шинэ нийслэл” Төрийн бус байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү Төрийн бус байгууллагын зүгээс нийгмийн сайн сайхныг эерэг зүйлд уриалахын тулд Ш.Гүрбазарын “Тайтгарахуй” шүлгийг сонгож, клипжүүлсэн байна.

Энэ талаар яруу найрагч Ш.Гүрбазар хэлэхдээ “Би Тайтгарахуй шүлгээ 2012 онд бичиж байсан. Энэхүү шүлэг маань 2013 онд миний “Шанзны хавар” шүлгийн түүвэрт орсон юм. Өнөөдөр энэ залуус миний шүлгийг клипжүүлж, олны хүртээл болгож байгаад сайхан санагдлаа. Энэ залууст талархаж байна. Би энэхүү клипээ өнөөдөр анх удаа үзлээ. Хэдэн жилийн өмнө бичсэн шүлэг өнөөдөр сошиал ертөнцөөр гарахаар иргэд янз бүрээр хүлээж авч магадгүй. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ шүлэг эргэн хүрч байна. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ үед дуучин С.Жавхлан тэргүүтэй залуус төрийн тэргүүн, түшээдтэй уулзана гэж мэдэгдэл хийж байна. Үнэндээ би үүний галыг жаахан намдаах гэж хэн нэгэн хүний даалгавараар энэ шүлэг бичигдсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хэвлэл, мэдээлэлд хандаж байгаа юм. Үүнд би яруу найргийг битгий улс төржүүлээрэй гэж хүсэж байна. Одоо улс орны байдал янз бүр байна. Эдийн засаг хямралтай байна. Хүн бүхэн өөрийн үзэл бодлыг дэвшүүлж, болох болохгүйн тухай ярьж байна. Улс оронд хүндрэлтэй, эмзэглэлмээр, бас цаашид яах гэж бужигнаж байгаа энэ үед тайван байя, тайтгарья, бүх юм сайхан болно гэж шүлгээ олон нийтэд хүргэж байгаа юм. Үүний цаана ямар нэгэн намын захиалга байхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Бидэнд эмзэглэж, адгаж байгаа зүйл их байна. Сэтгэл дарсан бодлууд их байна. Аливаа юманд тэмцлийн олон хэлбэр байдаг. Бид үүн дээр бүгдээрээ бодья. Саяхан эдийн засгийн форумын чуулган дээр нийтлэлч Баабар “сайн муугаа нэг ярилцья. Дэвшүүлэх хүн байвал ард түмэндээ зарлачихья. Бид өнгөрсөн 25 жилд юу хийж чадав. Ярилцья.” гэж хэлснийг энд онцолмоор санагдлаа. Монголын заяа уужим учир би өөдтэй байна гэж итгэдэг юм. Би уран бүтээлдээ ч үүнийгээ тусгадаг. Миний Монголын ард түмэн ухаантайдаа. Ирэх онуудыг их сайхан өөдрөгөөр харья л даа гэж би хүсэж байгаа юм. Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэллээ. Гэтэл өнөөдөр энэхүү шүлгийг олон түмэнд хүргэж байна гэж битгий бодоорой. Үнэндээ шүлгийг одоогоос гурван жилийн өмнө бичсэн болохоор залуус дүрсжүүлэн олон нийтэд хүргэж байна. Бас миний уран бүтээлийг дэмжин ажиллаж буй энэ залууст талархаж байна. Үүнийг миний уран бүтээл гэдгээс нь хүлээж аваарай.” гэсэн юм.     

Ингээд “Төлөвлөгөөний шинэ нийслэл” ТББ-ын залуусын хийсэн яруу найрагч, сэтгүүлч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Тайтгараxуй” шүлгийн хэсгээс хүргэж байна. 


Ш.Гүрбазар “ТАЙТГАРАХУЙ”

Адгаад яахав дээ

Амьдрал болдгоороо л болно

Давчаад яахав дээ

Дандаа ийм байхгүй

Арган дээр суусан шувуу дахин жиргэж

Алсаас сайхан сураг ирнэ

Үнэн гадаа чинь ирнэ

Өнгө мөнгө хоёр

Өөрийгөө элээхийн цагт

Өөр юм хүмүүс боддог болов уу

Зүсэрсэн бороо татарч

Норсон дээл чинь эгшинэ

Зуны гурван сар цэцэг дэлгэрнэ

Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг

Хамаг бүхэн тайван болно

Хөдөлж яваа хөсөг

Зогсож байж ачаагаа чангалдаг юм

Хүний ухаан заавал сайхныг бараадна

Ухаан ухаанаа бараадаад улс олон минь жигдэрнэ

Эв эеээ цэгцэлж

Эх орон минь хөгжинө

 Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж