АНУ, Хятадын худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээний гуравдугаар шат ирэх Пүрэв, Баасан /2019.02.14-15/ гаригт Бээжин хотноо болно. Энэ удаагийн хэлэлцээнд АНУ-ын талаас худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй төлөөлөгчид оролцох бол Хятадын талаас Сангийн яамны ахлах албан тушаалтнууд болон Шадар сайд Лю Хө тэргүүтэй хүмүүс оролцох аж. Харин өчигдөр /2019.02.11/ хоёр улсын худалдааны төлөөлөгчид Бээжинд уулзаж, өмнөх уулзалтаар яригдсан зүйлсийг нэгтгэн дүгнэхийн сацуу энэ долоо хоногт болох сайд нарын түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангасан байна. Тус уулзалтад АНУ-ын талаас худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Жерриш тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.
Юуны өмнө Вашингтонд болсон худалдааны хэлэлцээний хоёрдугаар шат өндөр үр дүнтэй болсон гэдгийг хоёр тал онцолж байна. Тиймээс энэ долоо хоногт болох уулзалтаар өмнө нь яригдсан зүйлсээ бататгаж, тодорхой шийдэлд хүрнэ хэмээн олон улс найдлага тавьж байгаа юм.
ХУДАЛДААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ДУУСАХ ДӨХӨЖ БАЙНА
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд болсон Их-20-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар биечлэн уулзаж, худалдааны татварыг 90 хоногийн турш харилцан нэмэхгүй байхаар санал нэгдсэн билээ. Энэ нь хоёр улсын жил гаруй хугацаанд өрнөж буй худалдааны дайныг эцэслэх асуудлыг шийдвэрлэж, тохиролцоонд хүрэх хугацаа бөгөөд энэ хугацаанд буюу гуравдугаар сарын 1 гэхэд хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа дахин нэмэгдүүлэхээ АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтвэл тэрбээр худалдааны дайнаа үргэлжлүүлж, Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10-25 хувийн татвар тогтооно гэв.
Худалдааны дайныг гурван сарын хугацаанд завсарлах “гал зогсоох хэлэлцээ” хийгдсэнээс хойших хоёр улсын худалдааны төлөөлөгчдийн анхны уулзалт нэгдүгээр сарын 7-9-нд Хятадад болсон бол хоёр дахь шатны уулзалт нэгдүгээр сарын 30-31-нд Вашингтон хотод болсон.
Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн гуравдугаар сарын 1-ээс өмнө дахин дээд хэмжээний уулзалт хийж, худалдааны асуудлаа хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Гэвч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Ким Жон Унтай хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд уулзахаа зарласан бөгөөд энэ уулзалтаас өмнө БНХАУ-ын даргатай уулзахгүй байх тухайгаа ч хожим нь цухуйлгасан аж.
ХЭЛЭЛЦЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦ
Худалдааны хэлэлцээний явцад Хятад улс хоёр талын худалдаанд АНУ-ын хүлээж буй алдагдлыг багасгахын тулд тус улсаас их хэмжээний хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн авахаа амласан.
Их-20-ын уулзалтын үеэр Хятадын тал АНУ-аас хөдөө аж ахуй болон бусад салбарын бараа бүтээгдэхүүний импортыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн нэг их наяд 200 тэрбум ам.долларын өртөг бүхий нэмэлт гэрээ байгуулахыг санал болгосон. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн Хятадын импортын бараанд тавих татварыг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байснаа цуцалсан юм.
Хоёр орны худалдаанд АНУ-ын хамгийн ихээр санаа зовж буй асуудал нь Хятадын тагнуулууд оюуны өмч, технологийн хулгай хийж буй явдал юм. Сүүлийн хагас жилийн хугацаанд гэхэд л хэдэн арван хятад хүн “T-Mobile”, “Boing”, “Apple” зэрэг АНУ-ын компаниудаас технологийн хулгай хийж байгаад баригдсан. БНХАУ-ын зүгээс иймэрхүү “шударга бус” арга барилаа халахын тулд томоохон бүтцийн өөрчлөлт хийхийг ч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр уриалсан билээ.
ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЭХЛЭЛ
Худалдааны дайныг эхлүүлэх болсон гол шалтгааныг АНУ-ын талаас Хятадын явуулж буй тагнуулын ажиллагаа, оюуны өмчийн хулгай, кибер халдлага, мөн хамгийн чухал нь худалдаанд асар их алдагдал хүлээж байгаа явдал хэмээн үзэж байгаа юм. Харин Хятадын талаас хоёр улсын худалдааны эрх ашгийг хүндэлж, нэмэлт татвар ногдуулахгүй байхыг АНУ-аас шаардаж байгаа.
Худалдааны дайн нь 2018 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Энэ үеэс эхлэн АНУ, БНХАУ нь олон тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүндээ харилцан нэмэлт татварыг ногдуулсан билээ. АНУ-ын зүгээс Хятадын компаниудыг технологийн хулгай хийсэн хэрэгт буруутгаж, 50 тэрбум ам.долларын бараанд 25 хувийн, 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татварыг ногдуулсан бол Бээжин хариуд нь АНУ-ын 110 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бараанд ногдуулах импортын татвараа нэмэгдүүлсэн.
Бээжингийн санаачилсан “Хятадад үйлдвэрлэв-2025” төсөл нь робот болон хиймэл оюун ухааны олон улсын зах зээл дээр өрсөлдөх тоглогчдыг Хятадын Засгийн газраас зориудаар санхүүжүүлж, бусад өрсөлдөгчдийг ямар ч хамаагүй аргаар шахан гаргах зорилготой байгааг Д.Трамп эсэргүүцсэн байр суурьтай байдаг. Технологийн салбараа хурдацтайгаар хөгжүүлэх тус төслийн улмаас Хятадын тагнуулчид АНУ-ын компаниудаас технологийн хулгай хийх нь ихэссэн тул тэрбээр ийн эсэргүүцэх болжээ. Харин Хятад улс тус төслийг олон улсад нөлөөтэй болох, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг авчрах арга зам хэмээн харж байгаа.
ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ҮР НӨЛӨӨ
Худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг буурч эхэлсэн бөгөөд олон улсын хөрөнгийн бирж тогтворгүй болж эхэлсний нэг нь “Apple”-ийн хувьцаа унасан явдал болсон. Сонирхолтой нь “Apple”-ийн борлуулалт сүүлийн хагас жилд эрс багасч, хувьцааны үнэ нь буурч эхлээд байгаа бол эсрэгээрээ Хятадын ”Huawei”-ийн бүтээгдэхүүнүүд гар утасны зах зээл дээр байр сууриа улам бэхжүүлж, хэрэглэгчид нь олширсоор байна. Дашрамд дурдахад, “Huawei” –ийн санхүү хариуцсан захирал Мэн Вэнжоуг хоёр сарын өмнө Канадад АНУ-ын хүсэлтээр баривчилсан билээ.
Хятадын эдийн засгийн өсөлт 2018 оны эцэст 6.5 хувь болсон нь эдийн засгийн зорилтод нь тусгагдсанаас доогуур үзүүлэлт байв. Мөн тус улсад орон сууцны эрэлт, хэрэгцээ өнгөрсөн оны эцсээр эрс буурсан байна. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлт буураагүй ч ажилгүйдлийн түвшин сүүлийн хагас зуун жилд байгаагүйгээр өсчээ. Энэ нь урт хугацаандаа АНУ-ын эдийн засагт маш их сөрөг нөлөөтэй юм.
Асар том хоёр зах зээлийн дунд үүссэн худалдааны маргаан нь АНУ, Хятадын дотоодын төдийгүй дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс хоёр улсын төрийн тэргүүн худалдааны дайнаа гурван сарын хугацаанд “түр завсарлаж”, олон үе шаттай яриа хэлэлцээг явуулж байна. Яриа хэлэлцээний гол зорилго нь худалдааны дайныг дуусгаж, харилцан ашигтай, худалдааны шинэ гэрээг байгуулах явдал юм.
Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар нэмэлт тариф ногдуулахгүй байх 90 хоногийн завсарлага нь хоёр улсын хооронд үүсээд буй технологийн хулгайгаас үүдэлтэй зөрчил маргаан, мөн эдийн засгийн цаашдын харилцааг тодорхойлоход хэтэрхий богино хугацаа аж.
Эх сурвалж: NHK, SNBC
Холбоотой мэдээ