Хүүхдэд үйлчилсэн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Хүүхдэд үйлчилсэн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгоно

Хүүхдэд үйлчилсэн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгоно

Томуугийн вирусийн тархалт нэмэгдэхээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоохоор болсон билээ.

Дээрх хугацаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байгаа юм.

Уг захирамж  хүчин төгөлдөр хэрэгжиж буйг сурвалжлахаар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гэгддэг “Тэнгис” кинотеатрыг зорьсон юм. Үдийн 15.00 цагийн орчимд тус кино театрын хүлээлгийн танхимд бага насны хүүхдээ хөтөлж яваа эцэг эхчүүд цөөнгүй харагдлаа. Тэдний дийлэнх нь дээрх захирамжийн талаар мэдээлэлгүй, хүүхэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхээр ирсэн гэдгээ учирлалаа.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААР ХҮҮХДЭЭ ДАГУУЛЖ ЯВБАЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Үйлчилгээний газраар бага насны хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгох хуулийн заалт бий гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж буй. Хэрэв үзвэр, үйлчилгээний газраар хүүхдээ дагуулж явбал хүүхдийн эрхийг зөрчсөнд тооцож, эцэг эхэд Зөрчлийн хуулийн 6.20-ийн дагуу арга хэмжээ авах юм байна.

Харин иргэн, Аж ахуй нэгжийн /ААН/ үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв дээрх захирамжийг зөрчвөл тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох, Зөрчлийн тухай хуулийн 6.17,2-т зааснаар ААН-ийг 500 мянган төгрөгөөр, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох юм.

Үзвэрийн танхимаас хоёр хүүхдээ хөтлөөд гарч яваа залуу бүсгүйг Б.Пагмадулам гэдэг. Тэрбээр золголт хийхээр Сүхбаатар аймгаас зорин ирсэн нь энэ юм. Бүсгүй хэлэхдээ “Томуугийн тархалтаас урьдчилан сэргийлсэн захирамжийн талаарх мэдээлэл огт аваагүй. Ханиад томуунаас сэргийлж хөл хөдөлгөөнийг нь багасгах зөв. Гэхдээ хүүхдээ байнга гэрт тоглуулалтай нь биш ганц хоёрхон цагаар аваад гарахад асуудал үүсэхгүй гэж бодож байна. Орон нутагт ханиад томуугийн дэгдэлт харьцангуй бага байдаг. Сая тасалбар авахад энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Захирамжаа мөрдье гэвэл эцэг, эхчүүдэд тасалбар худалдахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Дараа нь бид Сүхбаатар дүүрэгт байрладаг ПС тоглоомын газруудаар ороход тус захирамжийн талаарх мэдээлэл муутай байсан бөгөөд хэвийн ажиллаж байв.


ХҮҮХДЭД ҮЙЛЧЛЭХ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ ЗАХИРАМЖ ГАРСАН

Энэ асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.

Томуугийн дэгдэлтээс сэргийлж хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зогсоолоо. Үүнээс гадна бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх захирамж гарсан талаар яриагаа эхлүүлье?

-Улсын хэмжээнд 2018 оны арванхоёрдугаар сард H1N1 вирусийн өвчлөл нэмэгдэж, томуугийн дэгдэлт маш өндөр байсан. Энэхүү өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс сар шинийн өмнө уг захирамжийг гаргасан. Бид эрүүл мэндийн байгууллага учраас урьдчилан сэргийлэх ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой. Уг захирамжид бүх төрлийн тоглоомын газар, ПС тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын нэгний өдөр хүртэл зогсоох юм. Мөн сургууль болон цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг түр хугацаагаар ажиллуулахгүй байх, олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газруудаар 0-10 настай хүүхдийг дагуулан явахгүй байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, кинотеатр, ресторануудаар дагуулан явахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөе.

-Уг захирамжийн хэрэгжилтэд ямар байгууллагууд хяналт тавьж байгаа вэ?

-Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэдээлэл технологийн газар, Нийслэлийн боловсролын газар, Соёл урлагийн газар, Нийслэлийн цагдаагийн газар захирамжийн дагуу иргэдэд хяналт тавин ажиллана.

-Томуу томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт арванхоёрдугаар сард идэвхтэй байсан бол өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд өвчлөл харьцангуй буурсан байна. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан. Мөн Нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал багассан байгаа.

-Эцэг эхчүүдэд та бүхний зүгээс юуг анхааруулж хэлэх вэ?

-Томуугийн вирусийн халдварын тархалтаас сэргийлж, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эхчүүдэд уриалж байна.


Эцэг эхчүүд томуугийн захирамжийн талаар мэдээлэл муутай байгаа илт ажиглагдсан юм.  Аливаа захирамжийг хэрэгжүүлэхдээ шууд торгохоос илүүтэй анхааруулах хэрэгтэй гэдгийг бидэнтэй тааралдсан эцэг эхчүүд болоод үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа. Энэ үеэр бага насны хүүхдээ дагуулан яваа эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянгол дүүргийн иргэн С.Энхболор: Ханиад томууны дэглэлтийн үеэр бага насны хүүхдээ гадуур дагуулаад явах нь зохимжгүй. Гэхдээ яг хориглох нь хэр оновчтой байдаг юм бол. Үүнийг би 100 хувь зөв гэж үзэхгүй байна. Тодорхой хэмжээнд хүүхдэдээ юм үзүүлэх сонирхол бидэнд бий. Байнга гэртээ байхаар хүүхдүүд уйдаад байдаг шүү дээ. Энэ жилийн тухайд өндөр халуурдаг ханиад их гарсан. Энэ ханиаднаас дор бүрнээ л сэргийлэх нь чухал. Гэхдээ хүүхдээ дагуулж явлаа гээд эцэг эхчүүдийг 100 мянгаар торгоно гэдэг арай хэтрэх байх.

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Бадамсүрэн: Ханиад томуунаас сэргийлээд элдэв тоглоомын газруудыг хаах нь зөв. Утааны улирал дуусахаар ханиад томуу хэсэгтээ намжих байх. Эцэг эхчүүд өдөр тутамдаа өвчнөөс сэргийлж, хүүхдээ цэвэр агаарт гаргах хэрэгтэй. Харин үйлчилгээний газруудаар хүүхдээ эцэг эхийн хараа хяналттай дагуулаад явахад болохгүй юм байхгүй шүү дээ.

 Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж