Иргэд циркээр "цангажээ"

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Иргэд циркээр "цангажээ"

"Дэлхийн цирк Монголд-2013" тоглолтын үеэр /Гэрэл зургийг Дэлхийн Цирк Монголд фэйсбүүк бүлгээс авав/

"Дэлхийн цирк Монголд-2013" тоглолтын үеэр /Гэрэл зургийг Дэлхийн Цирк Монголд фэйсбүүк бүлгээс авав/

“Дэлхийн цирк Монголд-2015”  циркийн тоглолт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлэн Монголын үндэсний циркийн алтан манежнаа тоглож эхэлсэн. Үндэсний цирк гэхээр манайхан жаахан будилж магадгүй. Яагаав, “АСА” цирк гэж нэг хэсэгтээ нэрлэгдээд байсан, хуучин цэнхэр дээвэртэй байж байгаад шар болчихсон байшин байдаггүй юу.

Тэнд тоглолт боллоо шүү дээ. Эхлээд ердөө долоо хоногийн хугацаанд тоглох зар тараасан байсан. Гэвч үзэгчдийн хүсэлтээр дахиад долоо хоног сунгажээ. Өчигдөр хамгийн сүүлчийн удаа тоглоод дууслаа.

Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад ийн 14 хоног саатаад буцлаа.

Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцсон юм. Энэ талаар зо­хион байгуулагчид нь ярьж байсан.  Тэгвэл дэлхийн цирк тоглосон 14 хоногийн хугацаанд Үндэсний циркийн суу­дал пиг дүүрэн байлаа.

Тасалбарын хувьд хамгийн хямд­даа 15, үнэтэй нь 30 мянган төгрөг байсан. Шагчид бол 40-50 мянган төгрөгөөр зарсан юм билээ. Тийм байхад тасалбар нь олдохгүй, худлаа хэлсэн хүнд бараг л зодолдох шахлаа.
Бүхэл бүтэн 14 хоногийн турш тоглож байхад суудлыг нь дүүргээд үзлээ шүү дээ. Энэ бол иргэд циркийн урлагаар бид цангаж байсны илрэл. Ерөөс Үндэсний циркийг менежментийн хувьчлалаар хувьд гаргаснаас хойш циркийн тоглолт хааяа л нэг болдог болсон.

Хамгийн сүүлд гэхэд Оросын мөсөн циркийн тоглолт болж байлаа. Түүнээс хойш “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолт л болж байх шиг байна. Өөр циркийн тоглолт болсонгүй. Өнгөрсөн 2014 онд циркийн тоглолт болсон эсэхийг ч санахгүй байна. Монголын Үндэсний цирк нэг иймэрхүү маягтай л ажиллаж байна шүү дээ.

Монголын циркийн жүжигчид бүр ч тоглолт хийхгүй байгаа. Чадалтай, чансаатай жүжигчид нь гадаад руу явж, тоглолт хийж, үндэсний циркийн урлагаа сурталчилж явна. Дээрээс нь амьдрал ахуйгаа залгуулж яваа.  Ингээд л монголчууд үзэх циркгүй болчихлоо. Үндэсний циркт одоо дэлгүүр, үзэсгэлэн худалдаа л ажиллаж байна. Хааяа нэг урлагийн тоглолт болж байгаа болов уу.  Бүхэл бүтэн улс байж Үндэсний циркээ хувьчилчихаад, хүүхэд, багачууд нь үзэх юмгүй сууж байна гэдэг эмгэнэл биш үү.

Яг үнэндээ иргэд циркээр цангасан гэж дүгнэхээсээ илүүтэй бага насны хүүхдэд үзэх үзвэр олдохгүй байна гэвэл илүү тохирсон дүгнэлт болох байх. Өнөөдөр кино театруудад хүүхэлдэйн кино гаргасан ч дуу оруулалт байдаггүй.

Хадмал орчуулгатай киног нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд ч гүйцэж уншиж чадахгүй шүү дээ. Ингээд л 4-8 хүртэлх насны хүүхдүүдэд үзэх үзвэр олдохгүй байна.

Хүүхэлдэйн театр байгаа биз дээ гэх хүн гарч ирэх байх. Гэхдээ өдөр болгон жүжиг тоглоод, тэрийг нь хүн бүр үзээд байх биш дээ. Түүний хажуугаар хүүхдийн хамгийн их сонирхож үздэг зүйл бол цирк. Сая “Дэлхийн цирк-Монголд” тоглолт болоход тасалбар нь олдохгүй байгаа нь иргэд өөрсдөө үзэхийн хажуугаар 50 хувь нь хүүхэддээ үзүүлсэн хэрэг юм.

Тийм болохоор энэ асуудал дээр төрөөс жаахан анхаарч, Үндэсний циркийн хувьчлалын асуудлыг эргэж харах хэрэгтэй болжээ. Ядаж сардаа улиралдаа ганц тоглолт болчихдог бол аятай юу.  Иргэд, хүүхдүүд циркээр цангаж байна шүү дээ.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.ikon.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж