"Хүүхдийн гар хайрагдсан ч хурдан морины уралдаан болоогүй"

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн гар хайрагдсан ч хурдан морины уралдаан болоогүй"

"Хүүхдийн гар хайрагдсан ч хурдан морины уралдаан болоогүй"

Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины уралдаан болж бага насны хүүхэд гараа хөлдөөсөн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) өнөөдөр /2019.2.11/ мэдээлэл хийлээ.

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун "Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед хүүхдийн төлөө үүрэг хүлээсэн яам, агентлаг, газрууд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоол гарч арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж гарч хүүхдийг томуу томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1-н хүртэл тоглоомын төвүүдийг хязгаарлахаар болсон. Тогтоол, захирамжийг хэрэгжүүлэхэд хүүхдийн асран хамгаалагч буюу эцэг, эхийн оролцоо чухал. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг олон нийтэд түгээж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас бодит мэдээллийг 108 дугаарын утсанд, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд руу хүргүүлдэг байх шаардлагатай байна.

Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины уралдаан болж, хүүхдийн хоёр гараа хөлдөөсөн хэрэг гарсан эсэх талаар бид орон нутаг дахь мэргэжилтнүүдтэйгээ холбогдож тодруулсан. Хэнтий аймгийн Засаг дарга өнөөдөр манайд албан тоот ирүүлсэн. Мөн бид хүүхдийн ээжтэй холбогдсон. Ээж нь Сэлэнгэ аймагт золголт хийж яваа юм байна" гэлээ.

ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Техник технологийн хөгжил нь гэмт хэргийг цаг тухайд нь хүргэдэг давуу талтай болсон. Гэвч нөгөө талаас буруу ташаа мэдээлэл тархах боллоо. Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа хүүхэд хурдан морь унаж гараа хөлдөөсөн тухай мэдээлэл юм. Тухайн хүүхэд шинийн 1-нд золголт хийж байгаад саахалт айлд нь ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул ах руугаа гар чийдэн бариад явсан байна. Энэ үеэр гар нь хайрагдсан байна. Ингээд маргааш нь сумын төвийн эмнэлэгт очиж, үзүүлсэн байна.  Сумын эмнэлгийн эмч анхан шатны тусламж үзүүлээд шаардлагатай бол хот орж эмчид үзүүлээрэй гэж захижээ. Хүү зургаан настай, Хэнтий аймагт нэгдүгээр ангид суралцдаг. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд золгохоор ээжтэйгээ яваа. Ээжтэй нь холбогдож асуусан. Хүүгийн биеийн байдал зүгээр байгаа. Хүүг вагонд явж байхад нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч, сошиалд ташаа мэдээлэл тараасан байна. Үүнд хүүгийн ээж гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Хуульд эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүүхдийг мэдээлэл, сурталчилгаанд ашиглах нь зөрчилд тооцогддог. Нөгөө талаас хүүхдийн оршин сууж байгаа хаяг зэрэг хувийн мэдээллийг тавиагүй байсан. Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь сайн хэрэг боловч, зөвшөөрөлгүйгээр ташаа мэдээлэл тараах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг" гэлээ.

Түүнчлэн Засгийн газрын тогтоол гарснаас хойш хурдан морины уралдаан зохион байгуулагдсан мэдээлэл ирээгүй байгаа аж. Мөн Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр хурдан морины уралдаан зохион байгуулсан бол 100 мянган төгрөгөөр торгодог. Энэ хэмжээг нэмэх саналаа хуулийн нэмэлт өөрчлөлтийн багт хүргүүлсэн байна.

Тодорхой зорилгын дагуу хоёроос дээш тооны хүүхэд нэг цэгээс нөгөө рүү явж байгаа л бол морины уралдаан гэж үзэх ажээ. Уг үйлдэлд зохион байгуулагч этгээд байх шаардлагатай юм байна. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагч тухайн этгээдэд хариуцлага тооцдог байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж