Нийслэлчүүд даргагүй болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгож улмаар /2018.01.23/ -нд НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг өгсөн. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус албан бичгийн хариуг өгөөгүй байгаа юм. Тиймээс энэ талаар С.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Таныг нийслэлийн даргад батламжлах эсэх албан бичигт Ерөнхий сайд одоогоор хариу өгөөгүй байгаад ямар тайлбар өгөх вэ?
-Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх аливаа албан бичигт 30 хоногийн дотор хариу өгнө гэсэн хуулийн заалт бий. НИТХ-ын хурлын тогтоол өнгөрөгч сарын 16-нд гарсан боловч Ерөнхий сайдад 23-нд албан бичгийг хүргүүлсэн. Уг өдрөөр тооцвол энэ сарын 23-нд хуулийн хугацаа нь дуусна гэсэн үг. Наана нь нийслэлд гарч буй сөрөг үр дагаврууд болох хөрөнгө оруулалтын болон бусад ажилд шийдвэр гаргахад хүндрэлтэй асуудлууд гарч байна.
-Ерөнхий сайд 30 хоногийн дотор албан бичгийн хариуг өгөх ёстой гэж ойлгох уу?
-Тийм ээ. Хэрвээ саналыг буцаавал НИТХ 15 хоногийн дотор хуралдаж Ерөнхий сайдад дахин саналаа хүргүүлдэг. Энэ тохиолдолд тав хоногийн дотор томилох үүрэгтэй гэсэн хуулийн заалт бий.
-Ерөнхий сайд таныг нийслэлийн даргад батламжлах сонирхолгүй байгаагаас хариуг удааж байна гэх олон нийтийн хардлага байна л даа?
-Үүнийг би хэлж мэдэхгүй. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө сайд нарыг томилох зэрэг улс төрийн томоохон шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор дээрх албан бичигт хариу өгөх нь удааширсан болов уу гэж би хувьдаа бодож байна.
-Ер нь Ерөнхий сайд та хоёрын харилцаа ямар вэ?
–Намын журмын нөхдийн хувьд намын дарга, намын гишүүний хүрээний л харьцаатай. Миний хувьд янз бүрийн дарга нартай ойр холбоотой байгаад байдаггүй. Өөрт оногдсон ажлаа л хийгээд явдаг.
Холбоотой мэдээ