Зам тээврийн ослоор 13 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 13 хүн амиа алджээ

Зам тээврийн ослоор 13 хүн амиа алджээ

Сар шинийн баярын өдрүүдэд хоолны, архины хордлогын улмаас 40 гаруй хүн эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байгаа талаар салбарын яамнаас мэдээлжээ. Осол гэмтлийн, архи, хоолны хордлогын тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 40 гаруй хүн хордлогод орсон байна. Мөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өдөрт 250 хүн хандаж эмнэлгийн тусламж авч, үйлчлүүлжээ. Баярын өдрүүдэд 200 хүүхэд мэндэлсэн бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн аж.

 ӨРГӨМӨЛ ХҮҮ НЬ ЭЦГЭЭ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.

Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийт 11268 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан бөгөөд ахуйн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихэссэн аж.

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал 2019 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 08.50 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүн нас барсан байна гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт шалгалт хийхэд 91 настай иргэн гаднын нөлөөтэй нас барсан байдалтай байжээ. Шалгалтаар 91 настай иргэнийг түүний өргөмөл хүү зодож амь насыг нь хохироосон болохыг мэдүүлсэн аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мөн энэ сарын 6-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 60 настай иргэн биедээ хутгалуулж нас барсан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт хийхэд талийгаач дагавар хүүтэйгээ маргалдаж  улмаар хутгалуулан амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

НИЙТИЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧ 67 НАСТАЙ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын газарт гал түймрийн дуудлага мэдээлэл зонхилжээ. Бүртгэгдсэн осол хэргээс дурдвал Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Жанжины гудамж, Оёдолчдын байрны 12 айлын орон сууцанд гал гарсан талаарх дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 22.00 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман аврагч хоёр цаг ажиллаж гал түймрийг унтраажээ. Түймэрт тус байрны оршин суугч 67 настай эрэгтэй өртөж нас барсан бөгөөд цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Галын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны  хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 02:42 цагт  хүлээн авчээ. Дуудлагын дагуу зургаан алба хаагч хэргийн газар ажиллаж 20 минутын дотор галыг унтраасан байна. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж таван настай эмэгтэй А, нэг настай эрэгтэй Т, хоёр сартай эрэгтэй Т нарыг яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, зургаадугаар байрны  таван давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 19.02 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын долоон аврагч хэргийн газар ажиллаж тус байрны 29 тоотод оршин суугч 23 настай У-г таван давхраас буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 1903 ДУУДЛАГА ИРЖЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд  зам тээврийн ослын 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авчээ. Ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирчээ.

Бүртгэгдсэн осол хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 13, бүртгэгдсэн осол гурав, гэмтсэн хүний тоо 23.8, хүүхэд өртсөн осол 77, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар байна. Харамсалтай нь ослын дийлэнх нь орон нутгийн замд үйлдэгдсэн аж. Ослын шалтгааныг тодруулбал, орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлснээс осол гарчээ.

Тухайлбал, Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ. Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг Уран тогоо гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч долоон настай эрэгтэй Б амиа алдаж, гурван зорчигч гэмтсэн байна.

Төв аймгийн Лүн сумын хоёр Цагаан хөтөл гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин  онхолдож, хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн хэргийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж