М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулахаар цагаан сарын өмнө хоёр ч удаа жагсаал зохион байгуулсан "Нэхүүл"-ийн залуусыг төрөөс шагнажээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас олгодог цаасан ууттай бэлгээ авсан залуус жанжин Сүхбаатарын талбайд зургаа татуулахаа ч мартсангүй. Цаасан ууттай бэлгээ барьсан тэдний зургийг харсан олон нийтийн сүлжээнийхэн "Нэхүүл"-ийнхэн нэгэнтээ жагсаалынхаа цалинг хүртжээ хэмээн ёжлож байна.
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлж, мэдээлэлд ойр нэрээр албан тушаалаа урвуулан ЖДҮХС-аас тэрбум, тэрбумаар нь зээл авсан УИХ-ын гишүүдтэй тэмцэхээ илэрхийлж байсан "Нэхүүл"-ийнхэн сүүлдээ М.Энхболдыг спикерээс нь буулгахын тулд нэлээд тэмцэл явуулсан. Тэмцэл ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн биз. УИХ-ын нэр бүхий таван гишүүний удирдамжаар хоёр удаа зохион байгуулсан жагсаалуудад "Нэхүүл"-ийнхэн идэвх зүтгэлтэй оролцсоныг ийнхүү төр засгаас "өндрөөр" үнэлсэн нь энэ аж. Жагсаал, тэмцэлийн үр дүнд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын гал тогоог хариуцаж, Г.Занданшатарын суудлыг авсан. Жагсаалд хар шилээр гангарч ирсэн Г.Занданшатар ч суудал ахиж, спикер болсон гэвэл шат шатандаа л бялуугаа хүртэж, бялуугаа ч хүртээж байх шиг.
Хэдийгээр монголчууд бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг ч ямар ч байсан хөхөө өвлийн хүйтэнд хөлөө хөлдтөл жагссан цалингаа авч, шагналаа хүртсэн бол яамай даа, "Нэхүүл"-ийнхэн. Харин Л.Оюун-Эрдэнийн "шударга ёс"-нд итгэж гэрийн сугалаанд оролцохын тулд жагссан иргэд хоосон гуяа ганзаглаад буцсан нь худлаа биш билээ.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ