Энэ сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Энэ сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна

Энэ сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна

Хаврын урь орж, шинэ сар эхэлсэн ч хүйтний эрч сулраагүй, жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилсээр байна. Ойрын үед ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Хүйтний эрч хэзээнээс сулрах, ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх  талаар  Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн мэргэжилтэн Х.Ахмет-Алигаас тодрууллаа.

-Сар шинийн баяраар хүйтний эрч чангарч, эрс хүйтэрлээ. Зарим газарт хасах 40 хэм хүйтэн хонож байна. Өмнөх жилүүдэд ийм хүйтэн байгаагүй санагдаж байна?

-Хоёрдугаар сар гарсан эхний арав хоногт буюу энэ сарын 1-10-нд  агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Завхан гол, Идэр Тэсийн хөндийгөөр шөнөдөө  44-46 градус, бусад нутгаар 28-30 градус хүйтэн хонож байна. Энэ жилийн хоёрдугаар сарын эхний арав хоногийг олон жилийн дундажтай харьцуулахад 0-7 градусаар илүү хүйтэрлээ. Шалтгаан нь хойд зүгээс буюу Сибирийн хүйтэн агаарын масс орж ирсэнтэй холбоотой.

-Өнөөдрөөс зарим газраар  хур тунадас орж, цасаар шуурна гэх мэдээлэл байна. Орон нутагт нөхцөл байдал хүндрэх үү?

-Энэ сарын 10-ны өдрийн мэдээллээр өнөөдөр /2019.02.11/ баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13, 14-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ер нь хур тунадас бага орно. Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал хүндхэн байгаа. Цас орохоос илүү ширүүн салхитай байна. Ялангуяа говийн нутгуудаар салхины эрч ширүүснэ.

-Хүйтний эрч хэзээнээс суларч, дулаарах төлөвтэй байна  вэ?

-Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна. Завхан, Идэр тэсийн хөндий, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө хасах 32-37 хэм болж буурна. Одоогоор 44-46 хэм хүйтэн хонож байгаа шүү дээ. Хүйтний эрч суларснаар ихэнх нутгаар өдөртөө -18-23 градус байх юм.

-Сарын сүүлээр хүйтний эрч дахин чангарах уу?

-Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч сар шинийн баярын өдрүүдээр хүйтэрсэн шиг чангарахгүй. Ер нь энэ сарын 15-наас дулаарч байна гэж ойлгож болно. Зарим хоногт хүйтэрч, хур тунадас орох төлөв ажиглагдаж байгаа ч шөнөдөө хасах 40 хэм хүртэл хүйтрэхгүй.

– Гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдал ямархуу байх вэ?

– Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг одоогоор хэлэх боломжгүй. Хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх сарын цаг агаарын төлөв байдлыг тодорхойлно. Үүнээс гадна маш олон шалтгаан бий. Иймд урьдчилсан төлөв байдлыг хэлэх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж