Австралийн үерээс Монголд олдох боломжийг дахиад л “Винсвэй” залгих уу?

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Австралийн үерээс Монголд олдох боломжийг дахиад л “Винсвэй” залгих уу?

Австралийн үерээс Монголд олдох боломжийг дахиад л “Винсвэй” залгих уу?

Вашингтонд болсон Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн зөвшилцлийг үргэлжлүүлэхээр АНУ-ын Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Бээжинд ирж буй. Энэ хэлцлийн Монгол дахь нөлөөлөл нь худалдааны дайны нөлөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн ханш буурах нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлөх магадлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагынхаа үеэр урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын эдийн засаг 2018 онд 7.1 хувиар өссөн гэж мэдэгдсэн юм. Сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болох энэ тоо Үндэсний статистикийн хороогоор баталгаажих учиртай бөгөөд энэ өсөлт нь түүхий эдийн үнэ өндөр байж нүүрсний экспорт өссөнтэй холбоотой.

Дараагийн нөлөөлөл нь дэлхийн нүүрсний олборлолтын дөрөв дэх том эх үүсвэр болсон Австралийн Куинсланд мужид болж буй үерийн гамшиг Монголын нүүрсний экспортын хэмжээ болон “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнийг өсгөж мэдэх нөхцөл байдал үүсээд байна.

Энэ оны нэгдүгээр сарын 31-ээс түгшүүр зарлаж төмөр зам живж, ашигт малтмалын бүтээгдэхүүн үерт урссан, одоогоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх, далан барих ажлууд үргэлжилж буй бөгөөд өнгөрсөн баасан гаригт тус улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ 300 сая гаруй ам.долларын хохирол амсаад байгаагаа, хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэхээр байна гэсэн юм. Мөн үерийн аюулд уул уурхайн салбар нэрвэгдсэнийг дурдаад уул уурхайн олон компаниуд ажилтнуудтайгаа гэрээгээ цуцалж эхэлснийг ч нуугаагүй.

Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон, 2019 онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөж багагүй шүүмжлэл хүртээд байгаа билээ.

Австралийн үерийн мэдээ эмгэнэлтэй хэдий ч БНХАУ-ын нүүрсний нийлүүлэгч болох талаасаа Монгол Улсад дахиад л боломж бэлэглэчих шиг боллоо. Гэхдээ Хятадын тал коксжих нүүрсний импортын хэмжээгээ бууруулж буйг бодолцохгүй байх аргагүй. Хэдийгээр Хятадын тал Австралийн үерийг урьдчилан тооцоолж нөөцлөөгүй ч Монголоос экспортлох нүүрсний үнээ 70 ам.доллараас нэмэгдүүлнэ гэх найдвар тун бага.

Австралийн үерийг тооцохгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаа харахад уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс, алт, зэсийн ханшаас онцгой хамааралтай төдийгүй ханш буурвал төсвийн орлогын гүйцэтгэл сүйрэлд орж бүхэлдээ хямрах нь дамжиггүй тийм л үр дүн харагдаж, хандивлагчид эрсдэлд бэлэн байхыг сануулсаар байна. Хятадын тал энэ өдрүүдэд “Нэг бүс нэг зам” төслийн дагуух орнуудаар зорчдог олон улсын төмөр замын ачаа тээврийн галт тэрэгний маршрутаар нэвтрэх чадвараа сайжруулж долоо хоногт  ганцхан удаа ирж очдог байсан бол долоо хоногт есөн удаа очиж найман удаа буцаж ирдэг болгосноо “Шинэ үеийн торгоны замын алтан галт тэрэг” хэмээн зарласан.

Одоогоос найман жил орчмын өмнө Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог Куинсланд, Шинэ өмнөд Уэльс, Виктори муж үерт нэрвэгдэж Монгол Улс нүүрсний нийт импортын 40 хувийг нийлүүлж, экспортын хэмжээгээ 21 сая тоннд хүргэж байв. Тэгэхэд эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэ 140 ам.доллараас давж коксжих нүүрсний үнэ 330 ам.долларт хүрч байсан. 2016 онд мөн л Австралид болсон үерийн улмаас Хятадад нийлүүлэгдэх байсан 10 сая тонн нүүрс гамшигт өртөж 90 ам.доллар байсан нүүрс 200 гаруй ам.долларт хүрсэн. Тэр үед Хятадын Засгийн газар дотоодын өдөр тутмын нүүрс олборлолтын хэмжээг 500 мянган тонноор нэмэгдүүл гэсэн шийдвэр гаргаж байсан нь Австралийн уурхайг гамшгаас аварсны дараа нүүрсний үнэ ханш хэвийн байдалд орно гэдэгт итгэлтэй байсных.

Тухайн үед нүүрсний худалдааны салбарт дагнаж ажилладаг Winsway компани 2016 оны эхний хагас жилийн тайландаа Монголоос нүүрсийг тонн тутмыг дунджаар 296 юаниар аваад Хятад руу борлуулахдаа дээр нь 199 юань нэмж 495 юаниар худалдсанаар ашгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухайгаа тэмдэглэжээ.

Өмнөх оны эхний хагаст Винсвэй /Winsway/ компани Монголоос авсан нүүрсээ цааш борлуулахдаа тонн тутамд 65 юань нэмж байжээ. Winsway (нэрээ E-Commodities Holdings болгож өөрчилсөн) нь тайлант хугацаанд Монголоос нийтдээ 2.17 сая тонн нүүрс тээвэрлэн авч (үүний 90 хувь нь Тавантолгойн нүүрс), үүний 1.78 сая тонныг эцсийн хэрэглэгчдэд борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани Монголоос ердөө 0.33 сая тонн нүүрс авч байжээ. Ийнхүү 2015 оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн “Винсвэй”  2016  оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, хоёр тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа зарласан байдаг. Харин энэ удаад Австралийн үер Монголын нүүрсний экспортод ямар боломж бэлэглэх бол. Түүнээс хэдэн хувийг нь “Винсвэй” залгих бол.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж