Нохой жилийн хамгийн үнэгүйдсэн үг

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нохой жилийн хамгийн үнэгүйдсэн үг

Нохой жилийн хамгийн үнэгүйдсэн үг

Нохой жилийн сүүлээр ширүүссэн улс төр гахай жил гарахаас дөрөвхөн хоногийн өмнө УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлснөөр намжсан мэт харагдавч үнэндээ энэ нь дараагийн их зодооны угтвар нөхцөл төдий. Монголын улс төрийг дарангуйлж байсан МАНАН тогтолцоог УИХ-ын дарга асан М.Энхболдыг буулгаснаар унагаж, нийгэм цэвэршиж эрүүлжлээ гэж байгаа ч 100 жилийн ой руугаа дөтөлж яваа МАН дотроо эвлэршгүйгээр хагарсан нь нийгмийн эрүүлжих процессийн эхлэл байх магадлал хамаагүй өндөр.

МАНАН гэж нэрлэж буй нам дамнасан улс төр, бизнесийн бүлэг Монголыг гартаа атгаж, тэд зөвхөн мөнгө, эрх мэдэлд хөтлөгдөж байгааг хэвлэл мэдээллийнхэн, олон нийт олон жил ярьж бичиж байхад нүдэн балай чихэн дүлий байснаа нохой жилийн сүүлэн дээр ирж шуударсан нь нэг тогооноос хоолоо хувааж хүртэж чадахаа больсонтой холбоотой болохоос 30 гэр бүлээс бусад гэр бүлийнхнийг ивээлдээ багтааж, буян хишгээ хайрлах гэсэн хэрэг огт биш. Зүсээ хувиргасан шинэ МАНАН бий болох нь цаг хугацааны асуудал. Мэдээж шинэ МАНАН хуулийн хүрээнд биежиж, хуулийн дагуу бойжих болно.

Нохой жилийн улс төрчдийн нохой зодооны золиосонд зарим нэг зүйл үнэ цэнээ алдлаа. Юун түрүүн энэ бол шударга ёсны тухай ойлголт, мөн шударга ёс гэдэг үг.

Эрх баригч намын доторх тэмцэлдээний шууд үр дагавар болон 2018 оны намраас дэгдсэн ЖДҮ-тэй холбоотой шуугиан шударга ёс гэдэг ойлголт Монголын нийгэмд бүрэн үнэгүйдэж хөсөр хаягдсаны тод илрэл байсан. Сонгогчдын төлөө бүхий л оюун ухаан, эрдэм чадлаа зориулна хэмээн хуурч итгэлийг өвөртлөн төрийн дээд байгууллагын мандат өвөртөлсөн эрхэм гишүүд жирийн иргэдэд очих ёстой татварын мөнгийг хувийн бизнестээ зарцуулсан нь илэрсэн. Хоёр жилийн өмнө сонгогчдодоо хэлж байсан үгээ мартаад “мэдээлэлд ойр байсан учраас зээл авсан, энэ бол хулгай биш зээл шүү дээ” хэмээн хэнэггүйхэн толгой хаялж, ширэв татаж байгаа луйварчдын үнэн худлыг шалгаад тогтооё гэсэн хууль хяналтынхнаар тохуурхаж суусныг санаж байгаа байх. Энэ үйлдэл нь шударга ёсыг халсан хэрэг байсан. Гэсэн мөртлөө чуулганы танхимд телевизийн камерын өмнө үг хэлж байгаа гишүүн болгон амнаасаа шударга ёс гэдэг үгийг ард түмэн гэдэг үгтэй хослуулан унагадаг боллоо. Шударга ёс гэдэг ойлголтыг өөрсдөө халчхаад шударга ёсыг тогтоох ёстой өөрсдөөсөө шударга ёсыг нэхээд суух нь шударга ёс хэрэгтэй байгаа иргэдийг тохуурхсан хэрэг. Уг нь мэдрэмжтэй улстөрч бол одоо шударга ёс гэдэг үгийг үгийн сангаасаа аваад хаячихсан нь гоё харагдахаар байна. Мэдээж шударга ёсыг өөрийн биеэр үлгэрлэн харуултлаа.

Уг нь шударга ёс гэдэг бол абсолют ойлголт. Чиний, миний, даргын, цэргийн шударга ёс гэж үгүй. Төрийн эрх мэдэлтнүүд нь шударга ёсыг сахиж, тогтоож чадахгүй байж доорд иргэдээсээ шударга ёс нэхэх нь нийгмийг бухимдлыг өдөөх хангалттай шалтгаан. Төрөө түвшитгэж, түмнээ амгалан байлгах ганц нөхцөл нь шударга ёс, түүний амьдрах хөрс суурь болсон хуулийн хэрэгжилт юм.

Нохой жилд улстөрчид үг, үйлдлээрээ шударга ёс гэдэг ойлголт, шударга ёс гэдэг үгэнд “уучлаарай чамайг халлаа” гээд хэлчихлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж