Улсын арслан Р.Пүрэвдагва битүүний барилдаанд анх удаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Улсын арслан Р.Пүрэвдагва битүүний барилдаанд анх удаа түрүүлэв

Улсын арслан Р.Пүрэвдагва битүүний барилдаанд анх удаа түрүүлэв

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр болсон барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” компанийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн юм. Барилдааны товч тоймыг хүргэж байна.

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан анх удаа “Буянт-Ухаа” ордонд боллоо. 256 бөхийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Дүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсан. Барилдаан 12.00 цагт албан ёсоор нээлтээ хийж, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд, гадаад, дотоодын хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв.

Барилдааныг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар 13.00 цагт “Буянт-Ухаа” ордонд тухлан сууж үзэж эхэлсэн. Төрийн гурван өндөрлөг эрт ирсэнд бөхчүүд болон бөх сонирхогчдын талархлыг хүлээж байсан юм.

НЭГ, ХОЁРЫН ДАВААНД ТОМ ЦОЛТОНУУД ӨВДӨГ ШОРООДОВ

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанаас эхлэн сонирхолтой барилдаан олон гарсан. Тухайлбал, Аймгийн начин О.Заяатүшиг улсын заан М.Өсөхбаяраар, аймгийн нэмэх начин О.Мөнх-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараар, аймгийн начин С.Галданцогт улсын харцага Г.Алтангэрэлээр нэг давсан. Мөн аймгийн харцага Н.Ширчинхүү улсын нэмэх начин И.Ёндонсамбуугаар, аймгийн харцага Ц.Эрхэмбаяр улсын начин Б.Сугаржаргалаар, аймгийн заан Ж.Жавхлан улсын начин Б.Батжаргалаар нэг давж, хоёрын даваанд үлдсэн юм. Онцлох барилдааны нэг болох жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, аймгийн начин Ө.Дүүрэнбаяр улсын харцага Н.Батзаяаг давж, шуугиан тарьсан юм. Барилдааны нэг, хоёрын даваанд том цолтнууд унасан олон тохиолдол гарсан.

 П.БҮРЭНТӨГС АРСЛАН ТОМ ЦОЛТУУДААС ТҮРҮҮЛЖ ҮЗЭГЧДИЙН СУУДАЛД ШИЛЖИВ

Гурвын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Г.Өсөхбаярыг амалсан ч унасан юм. Аварга, арслан цолтнуудаас түрүүлж үзэгчийн суудалд суусан П.Бүрэнтөгс арслан барилдааны өглөө Швейцариас иржээ. Тэрбээр сар шинийн өмнө Цюрих хотод болсон ФЕСПО олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд улсын гарьд Ө.Бат-Оршихын хамт оролцож, монгол бөхийн дэвээ шавааг үзүүлж, гадаадын зочдод үндэсний бөхөө суртачилан таниулахад гар бие оролцсон юм.

Мөн дөрвийн даваанд аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын арслан Э.Оюунболдыг давсан бол улсын начин Д.Амарсайхан улсын харцага Ш.Мөнгөнбаатараар даваагаа ахиулсан.

О.ХАНГАЙ ТААВАР ЭВДЭВ

Бөхийн холбооноос Сар шинийн барилдааны өмнө гаргадаг бөхийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүлсэн. Уг чансаа нь өнгөрсөн оны Цагаан сарын барилдаанаас хойш болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны үнэлгээгээр гаргажээ. Сүүлийн барилдаануудад тогтмол сайн барилдаж байгаа О.Хангай түрүү бөхийн нэгээр нэрлэгдэж байсан ч дөрвийн даваанд улсын начин Б.Даваа-Очирт унасан юм. Энэ барилдаан таавар эвдсэн барилдаан болсон. Улсын харцага О.Хангай сар шинийн барилдаанд хоёр үзүүрлэсэн амжилттай.

ГУРВАН АВАРГА, ХОЁР АРСЛАН, НЭГ ХАРЦАГА, ХОЁР НАЧИН

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч болон улсын начин Э.Энхбат, Д.Анар нар шалгаран үлдсэн.

Улсын аварга Ч.Санжаадамба улсын арслан Р.Пүрэвдагвыг амалсан ч даваагаа ахиулж чадаагүй бол улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар шөвгийн дөрөвт үлдсэн. Сар шинийн барилдаанд хоёр аварга, хоёр арслан цолтон үлдсэн анхны тохиолдол болжээ.

Р.ПҮРЭВДАГВА АРСЛАН АНХ УДАА ТҮРҮҮЛЭВ

Сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн Р.Пүрэвдагва арслан Ч.Санжаадамба, Н.Батсуурь нарын аваргуудыг давж, үзүүр түрүүнд үлдсэн. Мөн Ц.Содномдорж арслан ч улсын аварга С.Мөнхбаатар долоо давсан. Хоёр арслангийн барилдаанд Р.Пүрэвдагва давснаар сар шинийн барилдааны анхны түрүүгээ авлаа.

Энэ жилийн барилдаан 12:00 цагт эхэлж, 19:00 цагт өндөрлөсөн нь өмнөх жилүүдийн барилдаануудаас эрт өндөрлөсөн барилдаан болсон. Мөн “Буянт-Ухаа” ордонд эрт ирсэн төрийн гурван өндөрлөг болоод олон түмнээс бөхчүүд хүндэтгэн шуурхай барилдаж байв.

БАРИЛДААНЫ ДҮЙЗ

ДӨРВИЙН ДАВАА

У.ав Ч.Санжаадамба – а.з Э.Энх-Амгалан

У.ав Н.Батсуурь – А.а Б.Лхагвадорж

У.ав  С.Мөнхбат – А.а Б.Цэдэнсодном

У.ар Э.Оюунболд – А.а Х.Цогтгэрэл

У.ар Ц.Содномдорж – А.а Н.Жаргалбат

У.ар  Р.Пүрэвдагва – А.а Д.Тогтохжаргал

У.г Б.Гончигдамба – А.а Ш.Мөнх-Од

У.з Б.Батмөнх – А.а Д.Бадамгарав

У.х Б.Бат-Өлзий – А.а У.Береке

У.х М.Бадарч – А.х.а Г.Өсөхбаяр

У.х О.Хангай – У.н Б.Даваа-Очир

У.х Н.Золбоо – У.н Б.Чимэдвандан

У.х Ш.Мөнгөнбаатар – У.н Д.Амарсайхан  

У.х Т.Бэгзсүрэн – У.н Д.Анар

У.н Э.Энхбат – У.н Б.Батжаргал

У.н Ч.Батчулуун – У.н Ж.Чулуунбат

ТАВЫН ДАВАА

У.ав Ч.Санжаадамба – У.н Д.Амарсайхан

У.ав Н.Батсуурь – А.а Д.Бадамгарав

У.ав  С.Мөнхбат – У.н Ж.Чулуунбат

У.ар Ц.Содномдорж – А.а Х.Цогтгэрэл

У.ар  Р.Пүрэвдагва – У.н Б.Даваа-Очир

У.г Б.Гончигдамба – У.н Э.Энхбат

У.х Б.Бат-Өлзий – У.х М.Бадарч 

У.х Н.Золбоо – У.н Д.Анар

ЗУРГААГИЙН ДАВАА
У.ав Ч.Санжаадамба – У.ар  Р.Пүрэвдагва 

У.ав Н.Батсуурь – У.н Э.Энхбат

У.ав  С.Мөнхбат – У.х М.Бадарч

У.ар Ц.Содномдорж – У.н Д.Анар

ДОЛООГИЙН ДАВАА

У.ав Н.Батсуурь  – У.ар  Р.Пүрэвдагва 

У.ав  С.Мөнхбат – У.ар Ц.Содномдорж

НАЙМЫН ДАВАА

У.ар  Р.Пүрэвдагва – У.ар Ц.Содномдорж

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж