Гандан олны хөлд дарагдаж, цагдаагийн хамгаалалт гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Гандан олны хөлд дарагдаж, цагдаагийн хамгаалалт гарчээ

Гандан олны хөлд дарагдаж, цагдаагийн хамгаалалт гарчээ

Монгол түмэн цагаан сарын  баяраа тэмдэглэсний дараа шинийн 15-нд багтаж засал номоо уншуулдаг уламжлалтай. Сүсэгтэн олон энэ өдрүүдэд үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үрждэг гэж үздэг тул гандан хийдүүдийн хамгийн ачаалалтай үе байдаг. Ялангуяа Гандантэгчинлэн хийдийг зорих олны хөл, машины цуваа  нар мандахаас шингэх хүртэл тасрахгүй байх нь бий. Энэ жилийн хувьд лам нарын  ном айлдах үнэ ханш ямархуу байгааг тандахаар Гандантэгчинлэн хийдийг зорилоо.

Холбоотой мэдээ

Засал номоо эндээс хараарай

Засал номоо эндээс хараарай

Өчигдөр буюу шинийн таван. Дэлгэрүүлэгч одтой, шар бар өдөр Төв Гандан олны хөлд дарагджээ. Жирийн өдрүүдэд хоосон байдаг машины зогсоол дүүрсэн байх агаад хийдийн касс, хурлын танхимын үүдэнд урт дараалал үүсч, цагдаа нар хамгаалалтад гарчээ. Ном бичүүлдэг хэсэгт хөл гишгэх зайгүй байх агаад иргэд “Алтан ганжуур”, “Маанийн ерөөл”, “Хийморийн сан”, Жа наг гагдог”, “Алтан гэрэл”, “Гонгор” гэх мэт засал, номыг үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ заслыг хийлгэхээр бичүүлж байв. Зарим нь хэт ачаалал, урт дарааллаас төвөгшөөсөндөө арц, утлагаа авчихаад л гарч яваа харагдав. Иргэдийн хувьд ихэвчлэн 3-7 ном бичүүлж,  засал номоосоо хамаарч үнийн хувьд харилцан адилгүй байв.

Ойролцоогоор 25-70 мянган төгрөг хүртэлх ном иргэд бичүүлж байв. Энд хамгийн үнэтэй нь “Алтан ганжуур”. Үнийн хувьд 20 мянган төгрөг бол бусад номын тариф 500-10 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд шинийн гуравнаас эхлэн засал, номын хурал айлтгалуудаа хурж эхэлжээ. Ном хурдаг хэсэгт цагдаа нар хашилт гаргасан байх аж.

Хацар хайрч, хавирга жиндүүлмээр жаврыг үл тоосон шинжтэй хүмүүс  ээлжээ хүлээн урт дараалалд зогсоно. Ном хурахдаа лам нар дугаарласан иргэдийг 60, 60-аар нь оруулж байгаа тул урт дараалалд хөлөө чилтэл зогсох нь бага байна гэж хүмүүс хэлж байв. Энд зогсч буй иргэдийн ихэнх нь 30 минутаас цаг орчим дугаарлаж байгаа аж. Ингээд иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

                              ШИНИЙН 15-НД БАГТААН ЗАСАЛ, НОМОО ХИЙЛГЭХ НЬ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛ

Иргэн Төмөрбаатар Шинийн 15-ндаа багтаж ном уншуулж, заслаа хийлгэх нь л зүйтэй. Сүсэг бишрэлийн л асуудал. Урт дараалалд 30 орчим минут л зогсч байна. Үнэ ханшийн хувьд харилцан адилгүй л байна. Үнэтэй нь үнэтэй л байх юм. Миний хувьд зургаан ном уншуулахад 60 мянган төгрөг боллоо.

Иргэн П.Баяр Гандан ачаалалтай байна. Дугаарлаад цаг орчим боллоо. Монголчууд шинийн 15-ндаа багтаж засал номоо хийлгэвэл сайн л гэдэг шүү дээ. Эртний уламжлалаа дагана даа. Үнэ ханшийн хувьд боломжийн санагдлаа. Дунджаар 50 мянган төгрөг. Ямартай ч өнөөдөртөө багтаад номоо уншуулчих байх.

Иргэн Э.Сарангэрэл Миний хувьд ном уншуулаагүй. Жилийнхээ заслыг хийлгээд байхыг нэг их боддоггүй. Харин шинийн 15-ндаа багтаад Гандантэгчинлэн хийдэд Мигжиджанрайсаг бурхандаа мөргөдөг.

Иргэн С.Дулам Засал, номоо хийлгэхээр ирсэн боловч ном уншуулж чадсангүй. Маш их ачаалалтай, урт дараалал үүссэн байна. Үнэ ханшийг нь ч мэдсэнгүй. Ер нь шинийн 16-нд багтаж жилийнхээ заслыг хийлгэдэг. Ямартай ч дараа нь ном уншуулна” гэлээ.

Хамгаалалтад гарч буй цагдаа С.Нэмэхбаатар “Цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнээрээ хамгаалалтад гараад байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүн битүүний өдрөөс шинийн 15-нд хүртэл Төв Ганданд хамгаалалтаа үргэлжүүлнэ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү их ачаалалтай байна” гэлээ.

Төв хийд рүү орвол МигжидЖанрайсиг бурханд мөргөх гэж найман настай балчраас наян настай буурлууд хөл гишгэх зайгүй байх аж. Тус хийд сар шинийн золголтын үеэр буюу шинийн 1-3-нд ачаалалгүй байдаг бол шинийн 5-наас олны хөлд дарагдаж эхэлдэг байна. Төв гандан хийд нь нийт 12 дацантай, 500 гаруй лам үйл ажиллагаа явуулдаг аж.

НОМ СОНСЧ, СЭТГЭЛИЙН МУУ ГЭМЭЭ АРИЛГАХ НЬ ЗАСЛЫН ДЭЭД ЗАСАЛ ЮМ

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ОЛОН НИЙТТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА Ж.ОДГАРЬД: 

-Гандантэгчинлэн хийд цагаан сарын шинийн нэгнээс өмнө хуучин номын хурлыг хурсаар цагаан сарын хурал номоо эхлүүлж байна. Энэ үеэс иргэд буян хураахад шамдах, үр хүүхдээ даатгах, жилийнхээ заслыг хийлгэхээр ирдэг. Гандантэгчинлэн хийдийн зүгээс олон зуун жил тогтсон уламжлалд үндэслэн хурал, номоо  явуулдаг ёстой. Монголчууд бол буддын шашинтан ард түмэн. Шашин шүтдэг хүмүүсийн 80 орчим хувь нь  буддын шашинтан. Гандантэгчинлэн хийдэд өглөө дацан хурлууд нь номоо хурна. Үдээс хойш бадам иог, манба дацан, хийдийн Жаса тэргүүтэй дацангуудад тусгайлан засал зан үйлээ хийдэг. Мэдээж ажил их, ачаалалтай байна. Ерөнхийдөө Гандантэгчинлэн хийдэд шинийн 5-наас эхлэн ачаалал ихэсдэг.  Гэхдээ бид сүсэгтэн олондоо аль болох бурхны шашны үйл ажиллагааг таниулахад боломж бололцооныхоо хэрээр ажиллаж байгаа. Сүсэгтэн олон шинийн 1-15-нд ном уншуулж, засал номоо хийлгэдэг нь эртнээс тогтсон ёс заншил, зан үйлийн нэг юм. Нөгөө талаас бар сарын шинийн нэгэн буюу  хаврын тэргүүн сарын 15-ны хугацаанд бурхан багш эрт хувилгаан үзүүлж, ном номлосон үе. Энэ үед алив буяны үйлийг үйлдвэл үлэмж илүү буюу  эгэл жирийн өдрөөс илүү тустай гэж сүсэгтэн олон, бурхны шавь нар үздэг. Ер нь аль ч үед иргэд ном уншуулж, зан үйл хийлгэх боломжтой ч заавал цагаан сарын шинийн 1-15-нд засал, номоо хийлгэхийг зорьж эрхэмлэдэг нь ийм учиртай. Гэхдээ сар бүрийн шинийн нэгнээс 15-н хүртэлх хугацаа биш юм гэдгийг ойлгох нь зүйтэй. Иргэд дүйчин өдрүүдэд засал зан үйлээ хийлгэхийн зэрэгцээ бурхны шашны зан үйлийг танин мэдэх, түүнийг сонсч оюун санаа, сэтгэлийн муу гэмийг арилгах нь заслын дээд юм. Уншиж буй ном нь энэрэл нигүүлсэх, оюун санааг хөгжүүлэх сургаалууд байдаг учраас сүсэгтэн олон үүнийг таньж мэдэхэд зориглоосой.  Заслаа хийлгэх, бурхны сургаальд гол анхаарлаа хандуулах энэ хоёр зүйлд шамдвал заслын дээд болно гэж багш нар айлддаг. Сүсэгтэн олны хувьд Гандантэгчинлэн хийд гэлтгүй бусад сүм хийдэд ч ном уншуулж, засал хийлгэх боломжтой. Ер нь Монгол Улсын хэмжээнд 3000 хүрэхгүй лам нар бий гэлээ.

Бурхны шашинд шинийн 15-нд багтаан ном уншуулж, засал хийлгэнэ гэж айлдаагүй гэж зарим лам нар үзэж буй ч  иргэдийн олонх нь Цагаан сарын шинийн нэгнээс 15-нд багтаж засал, номоо хийлгэх эртний уламжлалаа дагахыг эрхэмлэж байна. Мөн залуусын хувьд жилийнхээ заслыг хийлгэх тал дээр ач холбогдол өгдөггүй бол ахмад настнууд энэ ёс заншлыг илүү эрхэмлэж байгааг Гандантэгчинлэн хийдээс харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
107
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж