Хонь
Ажил хэрэгч долоо хоног. Энэ долоо хоног ажил, бизнесийн хувьд таны чадварыг сорьсон долоо хоног байх болно. Өөр баг хамт олон, эсвэл шинэ үйлчлүүлэгч, компанитай чухал яриа хэлэлцээ хийх юм уу, төлөвлөгөө гаргах бололтой. Мөн ажлын ярилцлага, албан тушаал дэвшихэд таатай цаг үе. Чухал шийдвэр гаргахад тань хамгийн дотны хүмүүс эсвэл огт танихгүй нэгэн ихээхэн нөлөөлөх нь. Найз нөхдөөсөө сэтгэл хөдөлгөсөн шинэ мэдээ дуулна. Ирээдүйд тань нөлөөлөх шинэ танилтай болно. Залуу хонинуудын хувьд урьдаас төлөвлөсөн аялалдаа гарах цаг болсныг од эрхэс сануулж байна.
Үхэр
Гэр бүлд илэн далангүй, нээлттэй харилцаа дутагдсанаас болж таагүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Үл ойлголцол байдлыг улам хүндрүүлж, гэр бүлийн дотно харилцаанд сэв суулгаж магадгүй. Долоо хоногийн дундуур гэнэтийн бэлэг ирэх, гэртээ юм уу өөртөө төлөвлөөгүй худалдан авалт хийнэ. Үхрийн ордны ганц бие эрчүүд онцгой харилцаа тогтоохыг хүссэн эмэгтэйгийнхээ гэрт зочлох эсвэл тэр танайд зочлох бололтой. Ерөнхийдөө хайр дурлалын харилцаа маш нааштайгаар эргэх болно. Өрсөлдөгч тань таны тэвчээрийг ихэд сорьж, сул талаа харуулахыг тань хүлээж байна.
Ихэр
Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт болох мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх долоо хоног. Ерөнхийдөө гэр бүлийн зардал өндөр байх ба ялангуяа хамаатан садантай холбоотой санхүүгийн томоохон асуудал гарч ирнэ. Түүнийг шийдэх оновчтой шийдэл олтлоо нэлээд бухимдаж, сандрах бололтой. Гэртээ засвар хийх, тавилга худалдан авах гэх мэт гэрийн дотоод асуудлууд ч урган гарах учир ихээхэн зарлагатай долоо хоног болох нь. Заримынх нь хувьд хайр дурлалын тал дээр маш амжилттай байх боловч, заримынх нь хувьд хайртай хүний тань хэлсэн үгс таныг гомдоож магадгүй. Олон жилийн өмнө хийж байсан ажлаа дахин хийх ажлын санал ирнэ.
Мэлхий
Саяхан хийж гүйцэтгэсэн ажлын тань талаар санал гомдол утсаар болон танилаар дамжуулж ирэх бололтой. Зарим нь танаас огт хамааралгүй. Зарим нь таны дутуу хийсэн зүйлийн үр дүн гэж хэлж болно. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр найз нөхөд хамтран ажиллагсдаасаа тусламж хүс. Хайр дурлалын тал дээр онцгой өөрчлөлт гарахгүй нэгэн хэвийн долоо хоног үргэлжилнэ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ ажил, болоьсрол, гэрлэлт гэх мэт амьдралын эхлэлийг тавих долоо хоног байх болно. Эрүүл мэнддээ анхаарч, дотор эрхтнүүдээ үзүүлэхийг од эрхэс танд зөвлөж байна.
Арслан
Удаан хүлээсэн зүйлийн хариу эсвэл өмнө нь хийсэн ажлын тань үр дүн энэ долоо хоногт гарах нь. Ганц бие эрэгтэй арслангууд хайр дурлалын тал дээр ололттой байх бол эмэгтэйчүүд эсрэгээрээ эсвэл нэгэн хувийн байх болно. Мөнгөний асуудлаар хууль шүүхэд зарга хийхэд тохиромжгүй, бүх шийдвэр таны эсрэг гарна гэж одод зөгнөжээ. Мөнгө, эд хөрөнгө, хэн нэгний өвлүүлэн үлдээсэн зүйлийг хуваахтай холбоотой шийдвэр гаргахаас зайлсхий. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд танаас бусад хүмүүсийн оролцоо маш их, таны нөлөөлөл бага байх учир яаран бүү шийдвэр гаргаарай. Гэр орны дотоод асуудлыг шийдвэрлэхэд гаднын хүний зөвлөгөө маш чухал байх болно. Дундаас дээш насныхан урьдаас төлөвлөсөн аялалдаа гарахад яг тохирсон цаг үе ирээд байна.
Охин
Охины ордны ганц бие эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс чухал дуудлага эсвэл зурвас хүлээн авна. Энэ ордонд төрсөн ихэнх хүмүүс энэ долоо хоногт охин хүүхэд эсвэл залуу эмэгтэйтэй холбоотой онцгой үйл явдалд оролцоно. Долоо хоногийн дундуур бие нь таагүй байсан гэр бүл, хамаатан садны тань эрэгтэй хүний эрүүл мэнд сайжирч, хүн бүрийн магнай тэнийнэ. Ажил мэргэжил, бизнесийн хувьд чухал долоо хоног. Гадагшаа томилолтоор явах, шинэ харилцагч нээх, өөр байгууллагатай хамтран шинэ ажил эхлүүлэх зэрэгт тохиромжтой. Хэрэв ажлын ярилцлагад орохоор төлөвлөсөн бол бүх зүйл таны санаснаар болох болно. Эмэгтэйчүүд хурим найраа товлох, хүүхэдтэй болох эсэхээ шийдэх зэрэг гэр бүл төлөвлөлтийн шийдвэр гаргах бололтой.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон энэ долоо хоногт гэр бүлийн дотоод хэрэг, ахуйн асуудалд илүү төвлөрөх бололтой. Ажлын уулзалт хэлэлцээрийг та өмнө нь хангалттай сайн зохион байгуулчихсан учир түр хойш тавь. Цаг хугацаа таны ажлын үр дүнг мэдрүүлэх болно. Залуу хосуудын хувьд шинэ орон байр худалдаж авах, хуримын өдрөө товлоход тохиромжтой долоо хоног тохиож байна. долоо хоногийн дундуур зарим жинлүүрүүд санхүүгийн цогц асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Энэ бүхэнд заавал мэргэжлийн хүний зөвлөгөө аваарай. Шинэ танилуудтайгаа болгоомжтой харьц. Таныг хууран мэхлэх, эсвэл өөрт нь ашигтай зүйл танд байгаа учир өөртэй чинь дотносхыг зорьж байж болзошгүй.
Хилэнц
Төлөвлөсөн байсан чухал ажил юм уу аялалаа цуцлах шаардлага гарна. Өмнө нь ч бас зайлшгүй шалтгаанаар цуцалж байсан учир та бага зэрэг сэтгэлээр унана. Гэсэн ч удалгүй өөр улс, хотод амьдардаг хэн нэгнээс үүнээс илүү сайхан мэдээ ирнэ. Хамаатан садны юм уу танил залуу эмэгтэйгээс баярт мэдээ дуулна. Долоо хоногийн дундуур биелүүлэхэд маш хүнд амлалт өгнө. Найз нөхдийн хүрээлэл дэх хүнд асуудал тулгарсан эмэгтэйд таны тусламж хэрэгтэй байна. Түүнд бодит шийдвэр гаргахад зөвхөн та л туслаж чадна. Хилэнцийн ордны залуу эмэгтэйчүүдийн хүндхэн сорилт, шинэ боломжууд хүлээж байна. Сорилтыг давчихвал хүн болгонд тохиохгүй ховор боломж таны гарт орж ирэх болно.
Нум
Ойр дотны тань хэн нэгний гэнэтийн үйлдэл эсвэл санамсаргүй хэлсэн үг таныг сэтгэлийн шаналалд унагаах бололтой. Тэр хүн нэг бол таны анхаарлыг өөртөө татахын тулд тийм үйлдэл хийнэ. Эсвэл таны тухай боддог бодлоо шууд хэлж байна гэж ойлгож болно. Аль нь ч байсан энэ бүхэн танаас шалтгаалсан тул өөрийнхөө хийсэн үйлдлүүдийг тунгаан бодож асуудалд бодитоор хандаарай. Нэг үгээр хэлбэл тэр хүн тийм үйлдэл гаргахад таны оролцоо маш их нөлөөлсөн учир буруу бүхнийг бусдад тохох хэрэггүй. Зарим нумынхан гэр бүлийн гишүүнээсээ их хэмжээний санхүүгийн дэмжлэг авна. Ингэснээр мөнгөнөөс болоод шийдэлд хүрч чадахгүй байсан олон асуудлууд шийдэгдэнэ. Эрүүл мэндийн байдал урьд өмнө нь байгаагүйгээр сайн байх учир энэ эрч хүчээрээ хийж амжаагүй ажлаа амжуулаарай.
Матар
Зарим нь сэтгэл санааны хямралд орж, зарим нь санасан бүхнээ бүтээнэ. Ажил үйлсийн хувьд таны гаргасан шинэ санаа, төлөвлөгөө бусдад сайшаагдаж, цаашдын амжилтын үндэс болно. Харин зарим хүмүүсийг хууран мэхлэгчид хүрээлж байна. Таны зөн совин ч тэднийг хурдан илрүүлж, тэднээс хурдан салахад тусална. Долоо хоногийн сүүлээр гэр бүлээрээ агаарт гарч, аялахад таатай. Хүүхэдтэй холбоотой гэнэтийн мэдээ дуулна. Дундаас дээш насны эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг сануулж байна. Ялангуяа тулгуур эрхтнээ анхаарч, даруй эрүүл мэндийн байгууллагад хандаарай. Тоохгүй удаан явбал насан туршийн ужиг өвчин болох ч магадлалтай байна.
Хумх
Долоо хоногийн эхээр бодол санаа, төлөвлөгөөг тань төөрөгдүүлэх нэгэнтэй уулзана. Түүнтэй дотно нөхөрлөх хэрэггүй. Бүх төлөвлөгөөгөө ярих ч хэрэггүй. Урт хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа хамаатны тань эрүүл мэндийн байдал сайжирна. Гэр орныхоо дотоод асуудалд нухацтай хандах долоо хоног. Өсвөр насны хүүхэдтэй бол багштай нь нэг холбоо барихад гэмгүй. Амьдарч буй орон байраа өөрчлөх шийдвэр гаргана. Ажилдаа амжилт гаргаж, бизнес эрхлэгчид шинэ харилцагч, шинэ зах зээл олж нээх болно. Мөнгө санхүүгийн асуудал нэгэн хэвийн байна. Дархлаа дэмжих эм бэлдмэл хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай. Нойргүйдэлд өртөж болзошгүй.
Загас
Хайр дурлалын асуудлаа шийдвэрлэх долоо хоног. Ганц бие загаснууд өмнө нь амьдралд нь орж ирж байсан хэн нэгнийг үгүйлж, түүнтэй ямар нэг байдлаар дахин холбоо тогтоохыг оролдох болно. Хосууд харилцаагаа сэргээж, долоо хоногийн нэг өдрийг өөрсдөдөө зориулаарай. Эцэг эхчүүд хүүхдэдээ насанд нь тохироогүй үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Орлогоо нэмэгдүүлэх, хууль шүүхийн асуудал шийдвэрлэхэд тохиромжтой. Залуу эрчүүд чухал худалдан хийхээ түр азна. Авах гэж буй зүйлээ сэтгэл хөдлөлөөр эхний очсон газраасаа авах хэрэггүй. Олон газраар явж, үнэ ханш, чанар зэргийг харьцуулсны дараа худалдан авалтаа хийгээрэй.
Холбоотой мэдээ