П.Бадарч: Б.Лхагвасүрэн маань жигтэйхэн алиа хүн байсан

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

П.Бадарч: Б.Лхагвасүрэн маань жигтэйхэн алиа хүн байсан

“Байтагийн чулуу”, “Тэмээ”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Есөн эрдэнийн орон” зэрэг Монголын утга зохиолын шилээвэр шүлэг, найраглалын эзэн “Буурал” хэмээх Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Пунцагийн Бадарч гуайтай ярилцлаа. Тэрбээр сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхол шагналыг хүртээд буй. Төрийн шагналд гурван ч удаа нэр дэвшиж, горьдлого тээсэн тэрбээр энэ удаа ч Төрийн шагнал авна гэдэгтээ эргэлзэж, итгэж чадахгүй байсан тухайгаа нуусангүй. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхол шагналыг хүртлээ. Монгол түмнийхээ өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. Сар шинийн баяр тохиосныг ч хэлэх үү, надад олон хүн баяр хүргэж байна. Би чинь битүүний өдөр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхол шагнал авсан. Тэрнээс хойш уулзаагүй улсууд, ах дүү нар гэрт маань ирж, баяр хүргэсэн. Шагнал авдаг өдөр Төрийн ордны гадна Монголын зохиолчдын эвлэлийн хорооны удирдах зөвлөл маань намайг тосч авч, хороон дээрээ сайхан хүлээж авсан.

-Та “Олон жил бодож явсан шагналаа авлаа” гэж хэлж байсан. Төрийн соёрхол хүртэнэ гэдгээ хэдийд мэдэв?

-Би чинь өмнө нь Төрийн соёрхол шагналд хоёр ч удаа дэвшээд, сүүлд Хөдөлмөрийн баатар шагналын сураг дуулдаад алга болсон. Тэгэхэд би ч залуу байж дээ. Шагналаас хасагдахад юман чинээ тоож, анзаардаггүй байж. Сая манай хүүхдүүд хаанаасаа ч дуулсан юм улсууд надад хэдэн өдрийн өмнөөс л баяр хүргээд эхэлсэн. Тэгсэн битүүний өдөр оройхон 18.00 цагийн үед над руу Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаад “Таны “Есөн эрдэнийн орон” найраглалд чинь Төрийн соёрхол шагнал олгосон. Таныг маргааш өглөө 10.30 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ирэхийг урьж байна” гэсэн. Тэгэхэд л би итгэсэн дээ.

-Та хэр догдлов?

-Би өмнө нь Төрийн шагналд гурван ч удаа нэр дэвшээд хасагдсан хүн. Тэгэхээр бас дахиад л хасагдах байх гэсэн юм бодоод л сууж байлаа. Тэгсэн ойр дотныхон маань баяр хүргээд л эхэлсэн. Ийм сайхан том шагнал авахад сэтгэл хөдлөлгүй яахав. Шагналын маань тэмдэг энэ байна даа.

"Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙД ЖИЖҮҮРЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН ШҮЛГЭЭ ЗОХИОЖ БАЙЛАА"

-Их сайхан харагдаж байна?

-Би энэ шагналыг авах учиртай байж дээ. Өмнө нь хүмүүс “Таны тэмдгийг чинь үзье” гэж жаахан зовоодог байсан. Одоо тэгээд гайгүй ээ. Өндөр том шагнал юм шүү дээ. Би та нарт үнэмлэхийг нь үзүүлье. Дунд сургуулийн сурагчид “Есөн эрдэнийн орон” шүлгийг маань их сайн мэддэг юм. Сурах бичигт зохиол нь орсон хүнийг л их алдартай зохиолч гэж ярьдаг байсан сан.

-Энэ мөчид алдарт “Есөн эрдэнийн орон” найраглалаа анх бичиж байсан дурсамжаасаа яриач?

-Би “Есөн эрдэнийн орон” гэдэг найраглалыг 1971 онд бичсэн юм. Тэгэхэд би Д.Нацагдоржийн музейд манаач, цэвэрлэгч, тайлбарлагчаар ажиллаж байлаа. Тэр үед ганц би биш Чойжилжавын Лхамсүрэн, Нанзадын Надмид гуай гээд ахмад зохиолчид жижүүр хийдэг байлаа. Манай талийгаач Б.Лхагвасүрэн музейн үлгэрийн танхимын эрхлэгчээр ажилладаг байсан. Би “Есөн эрдэнийн орон” гэх тэр авиа чимээг анх 1958 онд Монголч эрдэмтдийн анхдугаар их хурал Монголд болоход л сонсч, мэдэж байлаа. Анхдугаар хуралд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен зэрэг алдартай томчууд бүгд оролцож, дэргэдээс нь харлаа. Тэдэнд зориулан хуучин ном судрын үзэсгэлэнг Сталины номын сангийнхан дэлгэчихсэн. Тэр үзэсгэлэн дунд есөн эрдэнээр бичсэн Сандуйн жүд судар байсан. Уг судраас л би есөн эрдэнэ гэдгийг мэдэж авч байсан.

Дараагаар нь 1966 онд Зохиолчдын эвлэлийн хороон дээр Х.Цэвэл гуайтай таарч, есөн эрдэнэд юу юу багтдагийг асуулаа. Тэгсэн Х.Цэвэл гуай дэвтрийн хатуу цаасан дээр хуучин монгол үсгээр алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, зэс, ган, тана гэж бичиж өгсөн.Тэгээд л би Д.Нацагдоржийн музейд жижүүр хийж байхдаа нэг шөнө л нооргоо харж байгаад есөн эрдэнээ эгнүүлээд, алт гэхэд тариа, бөгж, алтан нар ордог юм байна гээд жагсааж байгаад л дөрөв дөрвөн мөрөөр бичсэн түүхтэй. Би 1971 оны хавар дөрөвдүгээр сарын 21-нд Өмнөговь аймгийн Овоотын отряд руу явахдаа “Үнэн” сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаадаа бичсэн найраглалаа үлдээгээд “Сониндоо нийтлээрэй” гээд явсан. Найраглал маань ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд гуравдугаар байрын шагнал эзэлж, тэр үедээ 3000 төгрөгөөр шагнуулж байсан санагдана. Тэр үеийн 3000 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Гэртээ зөндөө тавилга аваад л… Найраглал маань их ээлээ өгсөн бүтээл дээ. Тэр уралдааны нэгдүгээр байранд Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал орсон байдаг. Харин хоёрдугаар байранд бүтээл шалгараагүй юм. Би “Есөн эрдэнийн орон” найраглалаараа өөрийн хоёр ч номоо нэрлэсэн байдаг.

Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Пунцагийн Бадарч

-Таны “Тэмээ” шүлэг 1987 оны “Болор цом” наадмын тэргүүн шүлгээр тодорч байсан шүү дээ?

-Би чинь 1987 онд “Болор цом” наадмын шагналыг “Тэмээ” шүлгээрээ авсан. Тэрний өмнөх жил “Адуу” шүлгээрээ оролцож дөрөвдүгээр байранд шалгарсан. Би анхны номоо “Морьд” нэртэйгээр 1967 онд гаргаж байсан. Ер нь би яруу найраг, шүлэг бичиж оролдоод удаж дээ.

"НЭРТ НАЙРАГЧ Б.ЛХАГВАСҮРЭН ЖИГТЭЙХЭН АЛИА ХҮН БАЙСАН"

-Та сая яриандаа нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайг дурсан ярилаа. Сар шинийн босгон дээр их яруу найрагч маань тэнгэрийн орноо морилжээ. Үе тэнгийн найрагч тэнгэрт одсонд та харамсч суугаа байх?

-Би талийгаач Б.Лхагвасүрэнгийнхээ хөтөлж байсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон. Бид хоёр бол олон жилийн танилууд. Нэрт яруу найрагч маань “Үлгэрийн танхим”-ын эрхлэгч байхдаа “Манин тогооч” гээд хэржигнэсэн төмстэй хоол хийдэг нэг сүрхий хүний тухай тайзан дээрээс жүжиглэж үзүүлдэг, бас үсээ туузаар боолгож байгаад гарч ирдэг жигтэйхэн алиа хүн байсан сан. Нохой жилд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, Б.Бааст гээд гурван хүн ар араасаа бурхан боллоо . Би нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнгээ үдэх ёслолд оролцоно.

-Та Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн хүн. Сүүлд хэзээ нутаг явав?

-Төв аймгийн Баянжаргалан сумын баруун талын наймдугаар баг гэж байсан. Тэр багийн нутагт Төгрөгийн Гүнжалга гэдэг газар би төрсөн юм. Хуучин бол Нялга /уул/ гэж сум байсан. Зүүн чойроос хойхно талд байдаг “Ламын уул” гэж уулынхаа нэрээр нэрлэдэг байсан юм. Би 1949 онд 10 настайдаа Нялга /уул/ сумын бага сургуульд орсон юм. Улаан таван хошуутай, хөх даалимбан далбагар уут үүрсэн хүү эрдэмтэй хүн болох гэж үзэж тарлаа даа. Намар, намраар сургуульдаа мориор давхина. Манай аав, ээж хоёр хоёулаа 80 насыг давж, өндөр насалсан буурай байлаа. Манай аав сумынхаа багийн дарга, ээж маань мал эмнэлгийн сувилагч хийдэг байсан хүмүүс. Би нутагтаа хамгийн сүүлд 1987 онд “Болор цом” аваад, ах, эгч хоёр дээрээ очсон доо. Сүүлд өнгөрсөн намар есдүгээр сард нутагтаа очоод ирлээ. Нутгийнхан маань миний “Есөн эрдэнийн орон” найраглалаар гантиг чулуун хөшөө босгосон. Нутагтаа очоод ч миний таних хүн тун цөөн болж дээ. Зүс үзсэн хоёр, гуравхан хүн л үлдэж. Сум маань сайхан хөгжиж, хүн ам, мал  сүрэг нь их өссөн байна. Нутгийн сонин гэвэл ийм байна. Зохиолч хүн бага залуу насандаа өссөн нутгаа их санадаг. Миний шүлгэнд “Байлдааны жилд төрсөн юм”, “Эжий минь сайн байна уу” гээд нутгийн маань тухай олон сайхан бүтээл бий.

"Есөн эрдэнийн орон" гантиг чулуун хөшөө /2018.09.21/

-Таныг өнгөрсөн жилүүдэд хоёр ч хүнд мэс засалд орсон гэж дуулсан. Одоо бие лагшин нь тунгалаг уу?

-Би чинь 2016 оны зургадугаар сард тархинд харвалт өгөөд эмнэлэгт хэвтсэн. Толгойноос маань эмч нар яс авсан. Хүүхдүүд маань тусдаа амьдарч байсан. Бага охин Б.Бүжин байруудаа нийлүүлж зараад Зайсанд хамт байранд орсон. Хөгшин маань бурхан болоод жил гаруйн дараагаас бие өвдсөн нь энэ. Одоо эсэн мэнд сайхан байна. Намайг эрүүл саруул болгосон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн их эмч Л.Аваажигмэд эмчдээ баярласнаа хэлмээр байна. Их мундаг эмч дээ. Эмч маань намайг битгий архи, тамхи хэрэглээрэй гэсэн. Хагалгаанд орсноосоо хойш би нэг ч архи, тамхи хэрэглэсэнгүй ээ.

-Монгол түмний хувьд шинэ жилээ угтан авч, “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарлаа. Та уншигчдад маань зориулан сайхан мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Би ард түмэн, төрийн их ивээл, хайр хүндэтгэлээр энэ өндөр шагналыг хүртлээ. Ганц би бус монголын зохиолчид энэ сайхан шагналыг хамтдаа хүртлээ гэж талархаж байна. Миний “Есөн эрдэнийн орон” найраглалыг уншдаг бүх үеийн хүмүүстээ баяр хүргэж, талархая. Энэ бүтээл маань Улсынхаа баяр наадмыг олонтоо нээж явлаа. Мөн энэ бахархлыг уншсан үе үеийн сурагчиддаа өнөөдөр баяр хүргэе. Мөн намайг эрүүл саруул болгосон алтан гартай эмч, сувилагч нартаа бүгдэд нь баярлаж, талархсанаа илэрхийлье.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж