Зургаа хоног амарсан 7 хоног

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Зургаа хоног амарсан 7 хоног

Зургаа хоног амарсан 7 хоног

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Мягмар гаригт тохиож, улиран одож буй энэхүү долоо хоногийн зургаа нь хууль ёсны амралтын өдрүүд байлаа. Сар шинийн өдрүүдэд эмнэлэг болон цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.  Баяраар томуу, томуу төст өвсний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийж иргэдэд анхааруулахын зэрэгцээ   осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдсэн,  40 хүн хордлогод орсон, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн үйлчлүүлсэн гэх мэдээллийг өгсөн юм. Мөн  200 эх амаржжээ.  Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өмнө онуудаас буурсан архи дарс хэтрүүлэн хэрэглэх явдал харьцангуй багассаныг цагдаагийн байгууллага онцолжээ. Цагаан сараар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс багассан, айлд орсон зочид гийчид архи  уухаа байсныг олон нийтийн сүлжээнд талархан бичсэн хүмүүс олонтаа "тааралдав". Юутай  ч монгол түмэн уламжлалт цагаан сарын баяраа архи, согтууруулах ундаагүй тэмдэглэдэг болжээ. 

Сар шинээр Ерөнхийлөгч Х.Батттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ард түмэндээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүлэв. Төрийн гурван өндөрлөгөөс илгээсэн мэндчилгээнүүдэд давтагдсан нэг үг нь "монгол хүн баялагтаа эзэн болон, баялгийн тэгш хуваарилалтын тухай".

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгэнтээ "үзэл бодол" нэгдсэн, тэдний амнаас байнга унах болсон үг нь уул уурхайг "нийгэмчлэх" тухай.  Тэдний сар шинийн мэндчилгээнд дурдагдсан энэхүү байр суурь нь хөрөнгө оруулагчдад ямархуу мессеж болон очсон нь нэн ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, баялгийн тэгш хуваарилалт гэдгийн ард нуугдах "өмчийг нийгэмчлэх" бодлого нь үндэсний хөрөнгө оруулагчдад ч муу мэдээ байсан нь тодорхой.

Долоо хоног улс төр нам гүм байгаа мэт харагдавч, цаанаа мөнөөх зодоон үргэлжилсэн хэвээр. ЗГХЭГ-ын даргаар очсон Л.Оюун-Эрдэнийн хувьд ЖДҮчидтэй хариуцлага тооцох нэг ч үг унаагүй нь өөрөө энэ дуулиантай нэр холбогдсонтой нь холбоотой биз. Тиймээс ЖДҮчидтэй хэрхэн тэмцэх тухай асуултад бондын зарцуулалт, Эрдэнэтийн хувьчлалыг анхаарна гэсэн хариулт өгсөн нь ийм учиртай. Иймээс төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээндээ дурдсан "шударга ёс" хэнд үйлчилж, хэнд үйлчлэхгүй байх ёстой вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдах бизээ.  Ямар ч байсан сар шинийн дараа олон мянган  жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлсан УИХ-ын ЖДҮчдын эсрэг олон нийтийн жагсаал болно.  Эхлээд жаран тэрбум, дараа нь ЖДҮчид гэсэн У.Хүрэлсүхийн шударга ёс хэрхэн үйлчлэхийг одоо л харъя.

Ерөнхийлөгчийн ШХАБ-д элсэх тухай яриа сар шинийн өдрүүдэд эргэн сэргэж, олон нийтийн сүлжээнд энэ талаарх шүүмжлэл ч хөвөрлөө. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг огцорсны дараа ШХАБ-д элсэх асуудал дахин хөндөгдөж, УИХ-ын шинэхэн дарга ч Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж байгаагаа товчхон илэрхийлсэн. Ерөнхий сайд өмнө нь дэмжиж байгаагаа илэрхийлж байсан гэвэл Үндэсний аюулгүй байдлыг гурван гишүүний зүгээс ШХАБ-д Монголыг элсүүлэх асуудлыг  түргэвчлүүлж магадгүй гэсэн хардлага бас болгоомжлол байна. Чухам ШХАБ-д  элсэхийн төлөө "жаран тэрбум" гэх асуудлаар М.Энхболдыг  УИХ-ын даргаас огцруулсан гэж үү !

Ид өвлийн үеэр налайж байсан тэнгэр хангай сар шинийн өдрүүдэд огцом хүйтэрч, хахир хавар айсуйг санууллаа. Малчны хотод шинэхэн төлийн дуу цангинах мөч ойртож байгаа бөгөөд энэ сарын сүүлээр хүйтний эрч огцом буурах урьдчилсан мэдээг Ус цаг уурынхан хүргэж байна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж