ХасБанк шинэчилсэн өнгө төрхөө танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

ХасБанк шинэчилсэн өнгө төрхөө танилцуулж байна

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй 700 мянган гаруй харилцагч, хамтран ажиллагч байгууллагагууд, тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй ажиллагсад төдийгүй нийт Монголчууддаа өөрийн сайн уламжлал дээр суурилсан цогц шинэчлэлээ танилцуулах түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Шинэчлэлийн гол шалтгаан нь ХАСБАНК илүү өргөн цараатай үйл ажиллагаа явуулан ХАРИЛЦАГЧДЫНХАА НАСАН ТУРШИЙН САНХҮҮГИЙН ТҮНШ нь болж хамтдаа хөгжих зорилтыг өмнөө тавьж байгаа явдал юм.  Энэ зорилготойгоо уялдуулан хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг санаачлан хийж эхлээд байна.

Шинэчлэлийн хүрээнд бид, ХАСБАНКНЫ салшгүй хэсэг болсон өмнөх сүлдээ хөгжүүлэн Эх дэлхийн бэлгэдэл болсон Хас дүрслэлийг Мөнх тэнгэрийн бэлгэдэл болсон Хас дүрслэлтэй нийлүүлэн ХОС ХАС тэмдэгийг үүсгэн, эрч хүч жаргалын бэлгэдэл болсон улбар шар өнгөөр сүлэн шинэ сүлдээ бүтээлээ.

Банкны үйл ажиллагаа жилээс жилд шинэчлэгдэн өргөжиж, харилцагчдын хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн зэрэгцээ дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа банк санхүүгийн үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхаж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ санхүүгийн үйлчилгээг илүү тохь тухтай орчинд үзүүлэхээр бид зарим салбараа шинэлэг шийдлээр иж бүрнээр нь засч тохижуулан үйлчилгээгээ үзүүлж эхлээд байна. Жишиг салбарын үйлчилгээний дотоод тохижилт, зохион байгуулалт нь харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой шийдэхэд чиглэгдсэн. Цаашид бүх салбарынхаа тохижилтыг энэхүү жишгээр өөрчлөх ажлыг хийж эхэллээ.

ХасБанк ямагт шинэ бүхнийг санаачлан хүргэхээр мэргэжлийн ур чадварыг нэн тэргүүнд тавьж, харилцагчдаа дэмжин, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх итгэл даах анд нь байж, харилцагчдынхаа хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэн эх орныхоо үсрэнгүй хөгжлийн төлөө урт хугацаанд, тогтвортой өсөн дэвжих замыг хамтдаа туулахын төлөө зорилго тавин ажиллаж байна.

 

ХасБанк-Амьдралд ашид хамтдаа

М.БОЛД: БИД ХАРИЛЦАГЧДЫНХАА НАСАН ТУРШИЙН САНХҮҮГИЙН ТҮНШ БАЙХЫГ ЗОРЬЖ БАЙНА

“ХасБанк”-ны Гүйцэтгэх захирал М.Болдтой тус банкинд нэвтрүүлж байгаа шинэчлэлийн талаар ярилцлаа.

Юуны өмнө банк, санхүүгийн үйлчилгээнд шинэ өнгө төрх, үйлчилгээний стандарт бий болгож эхэлсэн танай хамт олонд баяр хүргэе. Тэгэхээр Монголын арилжааны банкны салбарт өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олсон “ХасБанк”-ны үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн шинэ өнгө төрхөөс яриагаа эхэлье?

Баярлалаа. ХасБанкны үйл ажиллагаа жилээс жилд шинэчлэгдэж өргөжиж байна. Харилцагчид маань ч өсч дэвжихийн хэрээр хэрэгцээ шаардлага нь өндөрссөн. Нөгөөтэйгүүр, дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа банк санхүүгийн үйлчилгээтэй “ХасБанк” хөл нийлүүлэн алхах үүднээс өнгө төрхөө шинэчилж байна. Өнөөдөр олон улсад банк санхүүгийн шинэ технологи, үйлчилгээнүүд өдөр тутам нэвтэрч байна. Гагцхүү тэдгээрийг Монголын хөрсөнд тохируулж дэлгэрүүлэх нь “ХасБанкны” зорилго юм. Тийм учраас эдгээр шаардлагад нийцүүлж үйлчилгээнийхээ агуулга зорилгыг шинээр тодорхойлох зорилгыг өмнөө тавьсан. Нэн түрүүнд өнөөдрийн өөрчлөгдөж байгаа орчинд банк, санхүүгийн үйлчилгээ ямар агуулга, чиглэлтэй байх ёстой юм гэдгээ тодорхойлсон. Эдгээр зорилгоо дагаад манай банкны өнгө төрх өөрчлөгдөх ёстой гэж үзсэн. Банкны бэлгэдэл, сүлдийг шинэ зорилгодоо нийцүүлж өөрчилсөн байгаа. Ингэхдээ орчин үеийн шаардлагад нийцүүлсэн. Мөн үйлчилгээний танхимыг харилцагчдад илүү тав тухтай байхаар зохион байгуулан шинэчилж эхэллээ. Үйлчлүүлэгчид, харилцагчдын эрэлт хэрэгцээнд санхүүгийн үйлчилгээгээ нийцүүлэн, аль болох ая тухтай орчныг бий болгох зорилготой юм.

ХасБанк”-ны сүлд, бэлгэдлийг нэлээд өвөрмөцөөр шинэчилж өөрчилсөн байна лээ. Утга агуулгын хувьд ямар байдлаар өөрчилсөн юм бол?

Хуучин байсан сайн уламжлал дээрээ шинэ утга агуулга, бэлгэдлийг оруулсан. Тухайлбал, байнга шинэчлэлийг эрэлхийлж, үйлчилгээндээ шинэ бүтээгдэхүүн, технологи, арга барилыг нэвтрүүлж байх ёстой гэсэн үзэл санааг шингээсэн. Үйлчлүүлэгч, харилцагчдадаа тохирох шийдлийг нь үргэлж олж, гаргасан шийдэлдээ сэтгэл ханахгүй шинээр харж, бүтээлчээр сайжруулахыг бэлгэдсэн. Мөн харилцагчдынхаа түшиг тулгуур нь болж хамтдаа хөгжиж, өөриймсөг сэтгэлээр хандаж үйлчлэхийн бэлгэдлийг оруулсан.

Мэдээж улс орныхоо эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан харилцагчидтайгаа хамтдаа хөгжихийг шинэ сүлд илэрхийлж байгаа. Нөгөө талаар “ХасБанк” харилцагч руугаа чиглэсэн үйлчилгээг хүртээмжтэй явуулах учиртай. Түүнийг нь хийх баг маань өөрөө туршлагажиж байна. “ХасБанк”-ны 1500 ажиллагсдын ур чадвар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Тиймээс энэ бүх амжилтаа улам бататгаад явна гэсэн бэлгэдлийг дотроо давхар агуулж байгаа юм. Мэдээж “ХасБанк”-ны Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн санхүүгийн зах зээлд манлайлах тэргүүлэгч байгууллага байх эрхэм зорилго хэвээрээ байгаа.

Хэлбэр дүрс, өнгөний хувьд?

Шинэ сүлд бол хос хас юм. Нэг ёсондоо мөнх тэнгэрийг бэлгэдсэн хас, эх дэлхийг бэлгэдсэн хас тэмдгийг хослуулж утга санааг нь илүү төгөлдөржүүлснээрээ онцлогтой. Өнгөний тухайд улбар шар өнгөөр илэрхийлсэн нь мөн л эрч хүч, аз жаргал, хийморийг бэлгэдэж байгаа төдийгүй аливаад ээлтэй бусдад хүндлэгдсэн, амжилтаар арвин байхын илэрхийлэл юм. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлээр манай банк харилцагчдадаа аль болох сайн сайхан, гэрэл гэгээ, аз жаргалыг авчрахын төлөө ажиллахаар зорьж байгаа юм. Энэхүү өөрчлөлтийг маш товчхоноор илэрхийлбэл “ХасБанк” харилцагчдынхаа насан туршийн санхүүгийн түнш байна гэсэн зорилгын төлөө өөрсдийнхөө урам зоригийг эрчилж, амлалт авч байгаа хэрэг.

Шинэ сүлдний бэлгэдлийн тухайд та бүхний ажлын эрч хүч, харилцагчдад өгөх сэтгэл ханамжийн баталгаа болсон гэж ойлголоо. Харин шинэ салбарын өөрчлөлт манайдаа банкны салбарт жишиг тогтоохоор болсон гэдэг үнэлэмжийг харилцагчдын зүгээс өгч байна лээ?

Бидний үйлчилгээний агуулга нэн түрүүнд хүний төлөө, харилцагч төвтэй байхад оршино. Жишиг салбарын үйлчилгээний дотоод тохижилт, зохион байгуулалт харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой шийдэхэд чиглэж байна. Харилцагчдадаа зориулсан тав тухтай орчинг бүрдүүлэх нь чухал. Тэрхүү тав тухыг нь бүрдүүлэх зорилгоор жишиг салбарынхаа тохижилт, өнгө үзэмжийг нь сайжруулсан. Эдгээр шийдэл нь харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Мэдээж харицлагчид хэр сэтгэл ханамжтай байгаагаас та бүхний ажлын үр дүн гарах байх?

Банк оршин тогтнох шалтгаан нь харилцагчид. Харилцагчдад үнэ цэнэ авчрах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нь бидний гол зорилт. Нөгөө талаар банкны ажилтнууд харилцагчдаа өөрсдийнх нь ажлын байр олгогч гэж ойлгох хэрэгтэй. “ХасБанк”-ны ажилтан бүр харилцагчдаа ойлгон, дэмжиж чин сэтгэлээсээ хандахаас гадна мэргэжилдээ эзэн болж бүтээлч байснаар тэдэнд сэтгэл ханамжийг төрүүлэх юм.

Нэг зүйлийг сонирхоод асуухад “ХасБанк” одоо хэчнээн харилцагчтай бэ?

700 мянга гаруй харилцагчтай. Үүнээс 100 орчим мянга нь зээлдэгч, 600 мянга гаруй нь хадгаламж эзэмшигч байна. Мөн 100 орчим салбар нэгжээрээ дамжуулж, орон даяар санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна.

Таны хувьд ажлын шугамаар олон харилцагчтай уулздаг байх. Хэдий олон хүнтэй харилцдаг ч санаанаас гарахааргүй сэтгэгдэл үлдээсэн харилцагч байдаг болов уу?

Баянхонгор аймгийн нэг харилцагч байсан шүү. Арваад жилийн өмнө ганцаараа ажиллан “ХасБанк”-наас анх бичил зээл авч байсан өрх толгойлсон эмэгтэй бий. Зээлээ авч байхдаа ажлаа өргөжүүлсээр ахуйн үйлчилгээний төвтэй болж, 10 гаруй хүнийг ажлын байртай болгочихсон. Хоёр хүүхдээ гадаадад сургуульд явуулан, төлбөрийг нь төлдөг болсон байх жишээтэй. Тэр хүн надад нэлээд зузаан хоёр хавтас үзүүлж байсан юм. Түүн дотроо “ХасБанк”-ны тухай нийтлэгдсэн сонин, сэтгүүлийн бүхий л мэдээ, мэдээллийг хайчилбар хэлбэрээр хадгалчихсан байсан. Яг л гэр бүлийн зургийн цомог шиг нандигнасан байсан. Тэр эмэгтэйн амьдралд “ХасБанк” ямар их тус дэм болж, дотно байж чадсан бэ гэдгийг өөрийнхөө л сэтгэлээр хадгалж, тээж ирсэн хэрэг. Энэ бол их нандин дурсамж шүү.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж