Баруун Африкийн Сьерра-Леон улсад өнгөрсөн жил олныг цочирдуулсан хүчингийн хэрэг маш олон удаа гарснаас болж Ерөнхийлөгч Жулиус Маада Био Пүрэв гаригт /2019.02.07/ улс орон даяар онц байдал зарлажээ.
Сүүлийн нэг жилд гарсан аймшигт хүчингийн хэргүүдийн хохирогчдын гуравны нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь нийгмийн цочроогоод байгаа бөгөөд хэрэгтнүүдийг бүх насаар хорих ялаар шийтгэдэг болохыг Ерөнхийлөгч нь амлав.
Сьерра-Леон хэмээх 7.5 сая хүн амтай тус улсад өнгөрсөн жил 8,500 хүчингийн хэрэг бүртгэгдсэн нь 2017 оныхоос 4,500-аар буюу эрс өссөн үзүүлэлт болж байна.
Бэлгийн хүчирхийллийн хэргийн тоо эрс өссөнд эрх баригчид нь бухимдаж байсан боловч хамгийн сүүлд Эбола вирус тусаад амьд гарсан охин хүчиндүүлсэн хэрэг гарсан нь нийгэмд цочрол өгч, Ерөнхийлөгч нь онц байдал зарлахад хүрчээ. Сьерра-Леоны Ерөнхийлөгч Жулиус Маада Био хүчингийн хэргүүд дээр ажиллах цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, хохирогчийг хамгаалах, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэдэг системийг бий болгохоо амлав. Эдгээрийг хэрэгжүүлэх, мөн цаашид хүчингийн хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд багагүй санхүүжилт хэрэгтэй байсан учраас улс орон даяар онц байдал зарлах замаар сангаас мөнгө гаргуулах бололцоо бий болгосон нь энэ юм. Түүний хэрэгжүүлэх дараагийн алхам нь Хүчирхийллийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг парламентаас шаардах аж.
Тус улсад одоо үйлчилж байгаа хуулиар хүчин үйлдсэн хүмүүс ял зэмээс мултарч байгааг ард иргэд нь хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Маш олон хохирогчид гомдол гаргаж чаддаггүй бөгөөд гомдол гаргасан ч хэрэгтэнд хөнгөн ял оноогоод өнгөрдөг гэв. Тухайлбал, өнгөрсөн жил зургаан настай охиныг хүчиндсэн 56 настай эрд нэг жил шоронд хорих ял оноожээ.
Сьерра-Леонд 1991-2002 онд үргэлжилсэн иргэний дайны үеэр бүх төрлийн бэлгийн хүчирхийлэл газар авсан байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ