АНУ-ын Флорида дахь тэнгисийн цэргийн баазын зургийг хууль бусаар авсан 20 настай Хятад оюутанд нэг жил хорих ял оноожээ.
Жао Чиэнли нь урлаг судлалын чиглэлээр Хойд Хятадын их сургуульд суралцдаг бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-д түр хугацаагаар ирсэн байв. Тэрбээр 2018.09.26-ны өдөр тэнгисийн цэргийн баазын гаднын хүн орохыг хатуу хориглосон хэсэг рүү зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн аж. Жао Чиэнлигийн өмгөөлөгч түүнийг наран шарлагын газар явж байгаад төөрсөн хэмээн тайлбарласан бол мөрдөгчид түүний утсан дээр зугаалсан газруудынх нь бус зөвхөн цэргийн баазын зургууд байсан хэмээн няцаасан байна. Мөн түүнийг цэргийн бааз руу орж байхыг нь харсан хэмээн гэрчилсэн хүн байгаа юм. Жао Чиэнлид өчигдөр /2019.02.08/ мужийн шүүхээс нэг жил хорих ял оноожээ.
Тус цэргийн бааз нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй аюулыг дэлхийн 108 сая км2 газарт хянаж байдаг бөгөөд тэр дундаа усан замаар АНУ-д орж ирж буй хууль бус бараанд хяналт тавьдаг аж.
Сүүлийн хэдэн сард АНУ-д ирсэн олон хятад залуус технологи, шинжлэх ухаан, бизнесийн нууцыг хулгайлж, Засгийн газартаа илгээдэг гэх хэрэгт буруутгагдсан. Жил бүр 350,000 Хятад оюутан АНУ-д сурахаар ирдэг байна.
Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж буй худалдааны дайн ч бас Хятад улс АНУ-аас оюуны өмчийн хулгай хийсэн хэрэгтэй холбоотой билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ