Коста Рикагийн экс Ерөнхийлөгч хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Коста Рикагийн экс Ерөнхийлөгч хэрэгт холбогдов

Коста Рикагийн экс Ерөнхийлөгч хэрэгт холбогдов

Нобелийн энх тайвны шагналт, Коста Рикагийн экс Ерөнхийлөгч Оскар Ариасыг таван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаж эхэлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Коста Рикагийн прокурорын газарт Оскар Ариасыг бэлгийн хүчирхийлэлд буруутгасан гомдол хоёр эмэгтэйгээс ирсэн бол өчигдрийн байдлаар /2019.02.08/ нийт таван эмэгтэй түүний эсрэг гомдол гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилээс хойш дэлхий даяар өрнөж буй #Metoo хэмээх бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэх хөдөлгөөн Латин Америкт хүчээ авч байгаагийн илрэл болж байгаа юм. Харин Оскар Ариэс эдгээрийг гүтгэлэг хэмээн үзэж, хэргийг няцааж байна.

Коста Рикагийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Патрисиа Мора Кастелланос гомдол гаргасан хоёр эмэгтэйг Үндэсний эмэгтэйчүүдийн институтээс хамгаалж, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэхээ амлажээ. Тэрбээр “иймэрхүү асуудалд орсон эмэгтэйчүүдийг хамгаалах гэж л энэ байгууллага байдаг юм” хэмээн хэлсэн байна. Түүнчлэн Коста Рикагийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Лаура Чинчилья фейсбүүк хуудсандаа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хохирогчдыг өмөөрчээ.

Гомдол гаргасан эмэгтэйчүүдийн нэг нь Александра Херольд гэх сэтгэл зүйч, цөмийн зэвсгийг эсэргүүцэх хөдөлгөөний идэвхтэн юм. Тэрбээр бэлгийн дарамтад өртсөнөө олон жил нууж явсан боловч бусад эмэгтэйчүүд элэглэгч Билл Косби, АНУ-ын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч Ларри Нассар зэрэг хүчирхэг, алдартай эрчүүдийн үнэн нүүр царайг илчлэн, бэлгийн хүчирхийлэлд зоригтойгоор буруутгасныг хараад Оскар Ариасын эсрэг гомдол мэдүүлсэн аж.

Өөр нэг хохирогч нь Эмма Дали гэх сэтгүүлч, хүний эрхийн байгууллагын ажилтан эмэгтэй юм. Тэрбээр 1990 онд Оскар Ариасаас ярилцлага авч байсан бөгөөд энэ үеэр экс Ерөнхийлөгч түүний асуусан асуултад хариулалгүй харин хөхийг нь оролдож, доромжилсон утгатай зүйлс хэлсэн байна. Түүнчлэн Оскар Ариас нь 1986 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Эллинора Антиллон гэх нэгэн эмэгтэйг өрөөндөө оруулж ирээд, хүчиндсэн аж. Эхний хоёр эмэгтэй зоригтойгоор Оскар Ариасын эсрэг гомдол мэдүүлсний дараа Эллинора мөн гомдол гаргахаар шийдсэн гэв.

Оскар Ариас нь 1941 онд мэндэлсэн, 1986-1990, 2006-2010 онд хоёр удаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ. Бүс нутагтаа энх тайвныг тогтоох үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1987 онд түүнд Нобелийн энх тайвны шагналыг олгосноор Өмнөд Америкаас тус шагналыг авсан анхны хүн болсон юм.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж