Японы Чиба мужийн Нода хотод 10 настай охин Миа Курихара нэгдүгээр сарын 24-ны өдөр гэрийнхээ ариун цэврийн өрөөнд нас барсан байдалтай олджээ. Охины бие тэр чигтээ хөхөрч, хавдсан байжээ. Энэ хэрэгт түүний аав 41 настай Миа Юичиро, ээж 41 настай Нагиса нарыг буруутган баривчилсан байна.
Энэ хэргээс үүдэн Япон улсын гэр бүл дэх хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийг бэлгийн мөлжлөгөд ашиглах, бэлгийн хүчирхийллийн золиос болохоос сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос тус улсын засгийн газарт сануулсан байна. Үүний дагуу тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нэг сарын хугацаанд далдаар үйлдэгдэж буй хүчирхийллийг олж илрүүлэн хүүхдийн хүчирхийллийг яаралтай таслан зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Охины ээжийг хүчирхийллийг таслан зогсоогоогүй гэж буруутгаж байгаа бөгөөд түүний мэдүүлснээр аав нь охиноо нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн сургуульд нь явуулалгүй гэртээ хорьж, хоол ундыг нь багасган, шөнө бүр босгож зогсоодог байжээ. Мөн нас барахынх нь өмнөх өдөр түүнийг хүйтэн шүршүүрт маш удаан зогсоосон байна.
2017 оны арваннэгдүгээр сард Миа охин аав нь өөрийг нь шөнө босгоод зодож дарамталдаг талаар захидал илгээж сургуулиасаа тусламж хүсч байжээ. Ингээд тус хотын Хүүхэд хамгаалах төв түр хамгаалалтад авсан ч нэг сарын дараа ээж нь охиноо авахаар болсон байна. Миагийн эцэг охины захидлыг өөрийн нүдээр харахыг хүсэхэд сургуулийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Гэтэл Нода хотын Боловсролын газрын хүүхдийн асуудал хариуцсан ажилтан Масахико Ябэг охины эцэг сүрдүүлсэн учир захидлын хуулбарыг түүнд өгчээ. Тэрбээр ийм үйлдэл хийсэн нь охиныг үхэл рүү түлхэх шалтгаан болсон байж болзошгүйг хэлээд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Япон улсын Боловсролын яамны ажилтан Хидэаки Мацүки “Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдийн захидлыг дамжуулсан маш ноцтой, өршөөж боломгүй алдаа. Боловсролын газрын ажилтны энэ үйлдэл нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн ч байж болно. Түүнийг ч мөн давхар шалгах хэрэгтэй” хэмээн хэлжээ. Захидал аавынх нь гарт орсноос гурван сарын дараа аав нь охиноо өөр дээрээ авч, гэр бүлтэйгээ хамт амьдрахыг хүсч байгаагаа охиныхоо өөр нэг захидлын хамт Хүүхэд хамгаалах төвд уламжилжээ. Энэ удаагийн захидал өмнөхөөс огт өөр утгатай байв.
Захидалд “Аав минь намайг зодсон гэж худлаа хэлсэн юм. Учир нь би ээж, аавтайгаа муудалцсан байсан юм. Би гэр бүлтэйгээ, аавтайгаа хамт амьдрахыг хүсч байна. Хүүхэд хамгаалах төвийн ажилчдыг дахиж гэртээ ирүүлэхийг хүсэхгүй байна” хэмээн бичжээ.
Хүүхэд хамгаалах төв охиныг аавтайгаа амьдрахыг зөвшөөрч, гэр рүү нь буцаасан бөгөөд охиныг нас барах хүртэл нэг ч удаа эргэж очоогүйгээр зогсохгүй эцэг эхтэй нь нэг ч удаа холбоо бариагүй байна.
Охины эцэг Юичирог байцаахад өөрийгөө буруугүй, энэ бол зүгээр л хүүхдээ хүмүүжүүлэх арга, буруу зүйл хийхэд нь шийтгэсэн шийтгэл хэмээн хариулжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тус улсад 2018 оны байдлаар 18-аас доош насны 80,105 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэж Хүүхэд хамгаалах төвд хандсан байна. Тэдний 70 хувь нь буюу 57 мянга нь сэтгэл санааны дарамт, 14 мянга нь бие махбодийн хүчирхийлэл, долоон мянга нь эцэг эх нь хүүхдээ асрахаас татгалзсан, 258 нь бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан ажээ. Эдгээр тоо нь өмнөх онуудаас харьцангуй өссөн үзүүлэлт гэж Цагдаагийн байгууллагын албаны хүмүүс мэдээлж байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ